Жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэхүү уламжлалын дагуу хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “ХҮҮХЭД НЭГДҮГЭЭРТ” уриан дор “Тусгаар тогтнолын талбай”-д ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
“Хүүхэд нэгдүгээрт” баярын үйл ажиллагааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн болон Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд оролцож урлаг, спорт, сурлагаар амжилт гаргасан шилдэг хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.
Баярын арга хэмжээний парадад “Модерн арт” зургийн дугуйлан, Монголын оюун ухааны академийн Дорнод аймаг дахь салбар, “Үүлэн балет” бүжгийн дугуйлан, аймгийн “Шатрын холбоо”, “Хан тас” бүжгийн клуб, аймгийн “Хүүхдийн зөвлөл”, Өсвөрийн болон багачуудын Улаан загалмайн клуб, “Дорнын бүжиг”, аймгийн “Скаутын холбоо”, “Дөл” үзүүлэн тоглолтын хүүхдүүд, “Алтан нударга” таеквондогийн сурагчид, “Хан оргил соёлз” олимпын таеквондогийн хүүхдүүд болон урлаг, сурлага, спортод амжилт гаргасан сурагчид тус тус оролцов.
Дорнод аймгийн хувьд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр орон нутгийнхаа онцлогт тохирсон бие даасан бодлого, хөтөлбөр, төслүүдийг батлан амжилттай хэрэгжүүлж ирсэн. 2023 онд Дорнод аймаг нь улсын хэмжээнд анхдагч болж “Хүн болох багаасаа-гадаад хэл”, “Хүн болох багаасаа-авьяас, ур чадвар”, “Хүн болох багаасаа-спорт” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хүүхэд багачуудыг сонгосон дугуйлан, клубт хамруулах юм.