Дорнод аймагт график дизайны мэргэжлийн сургалт эхэлжээ. Сургалтыг олон жилийн туршлагатай чадварлаг график дизайнер Б.Билгүүнболд Улаанбаатар хотоос зорин ирж, хийж байгаа юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Манай нутагт шинэлэг сургалт мэдээллээр дүүрэн ирсэнд юуны түрүүнд баярлалаа гэж хэлье. Эхлээд тантай танилцъя?
-Сайн, сайн байна уу? Намайг Б. Билгүүнболд гэдэг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг график дизайн мэргэжлээр төгссөн Энэ мэргэжлээр ажиллаад 12 жил болж байна. Одоо Ntv-д ажилладаг.
-Яагаад Дорнодыг зорьж ирээд, сургалт зохион байгуулах гэж байгаа юм бол?
-Би анх 2020 онд Чойбалсан хотод ирж байлаа. Ирэхээсээ өмнө ийм том, ийм эрч хүчтэй хот гэж бодоогүй. Дорнод аймаг Чойбалсан хот хүүхэд залуучууд ихтэйгээс гадна үгээр илэрхийлшгүй онцлогтой. Хэдий зүүн хязгаарт ч гэсэн хүүхэд залуучууд эрмэлзэл тэмүүлэлтэй юм шиг санагдсан. Сургалт зохион байгуулах шалтгаан гэвэл сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах.
-Сургалтын талаар танилцуулаач?
-Сургалт 6 сар үргэлжилнэ. Анхан шатнаас ахисан шат хүртэл явагдана. Шат тус бүр 2 сар байна. Яг одоогоор манай улсад гарааны бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлүүд олширч байгаа. Цахим орчны нөлөөгөөр хүн бүр өөрсдөө чадаж байвал маркетингаа хийх боломжтой болчихсон. Маркетинг оновчтой бол борлуулалт ч өсдөг болчихсон цаг үе шүү дээ. Тэгэхээр дээр дурдсан чадварууд буюу график дизайны зонхилох программуудыг сурснаар өөрийн гэсэн дүр төрх, онцлогтой бүтээлүүд гаргаж, бизнесийн хурдасгууртай болно гэсэн үг.
-Анхан шатнаас эхлээд гүнзгийрүүлэн сурсан хүмүүс ямар чадварууд эзэмших вэ?
- Сошиал, хэвлэлийн гэлтгүй бүх төрлийн постерийн дизайн, ном, тараах материалын дизайныг хүссэнээрээ хийж сурахаас гадна видео эвлүүлгийн тухай ойлголттой болж хөгжинө. Цаашлаад интерьер дизайн, тавилгын бүтэц дизайны чиглэлээр ч ур чадвар эзэмших боломжтой. Ур чадварын хувьд хангалттай хэмжээний хөгжлийг танд харуулж чадна гэж хэлэх байна.
-Миний хувьд залуу хүн учраас сүүлийн үед ямар ажил мэргэжил орлого сайтай байна гэж нэлээн судалдаг. Бас фрийлансер гэж ярьдаг шүү дээ, интернетээр гадаадын компанид ажиллах, доллараар цалинжих гэж энгийнээр ойлгодог. Фрийланс ажлуудад график дизайны ажил хамгийн их эрэлттэй байдаг юм билээ?
-График дизайны мэргэжил нь топ аравт багтдаг. Интернэт дахь эрэлт хэрэгцээтэй мэргэжил гэвэл 1 дүгээрт IT буюу программистууд явж байна, 2 дугаарт дизайнерууд явж байна. Онлайн ажлын платформууд дээр энэ чиглэлийн ажлууд түгээмэл, үнэлгээ ч боломжийн байдаг. Доллараар цалинжихад эхний ээлжид хэцүү л дээ. Гэхдээ ажиллаад сурчихвал давуу тал ихтэй. Миний хувьд ONLINE ажлыг 2019 онд анх хийж эхэлсэн. Оnline-аар ажиллахын давуу тал бол цаг хугацаа орон зай үл хамааран дуртай цагтаа ажиллах гэх зэрэг олон давуу тал бий.
-Хэдэн наснаас дээш суралцах боломжтой вэ, магадгүй хүүгээ, охиноо ирээдүйд эрэлттэй болох энэ чадварт сургая гэж бодож байгаа эцэг эхчүүд байгаа байх?
-Хүн алхам тутамдаа нас харгалзахгүй суралцаж байдаг, тэгэхлээр мэдээж нялхсаас дээш хэдэн ч наснаас хамаагүй суралцаж болно/хэрвээ хувь хүн өөрөө хүсэл эрмэлзэлтэй бол/. Тэр тусмаа ахлах ангийн хүүхдүүд болон оюутан залуус. Дэлхийн бусад орны хүүхэд залуучууд өөр өөрсдийн салбарт аль хэдийн хөгжөөд дэлхийн хэмжээнд өөрсдийгөө үнэлүүлээд өрсөлдөөд явж байхад бид тэднийг зүгээр л хараад сууж байна. Бид юугаар дутна гэж, адилхан 1 дэлхий 1 эрин зуунд амьдарч байна. Тиймээс хүүхэд залуучуудад хандаж хэлэхэд цаг алдалгүй өөртөө хөрөнгө оруулъя, зэрэгцэж очъё, цуг өрсөлдье.
-Сургалтын агуулгын хувьд Улаанбаатар ч олдохгүй хэмжээнийх хэр нь төлбөрийн хувьд маш боломжийн байна гэж хараад байгаа?
-Бусад сургалтын төвүүд миний анзаарснаар сургалтын хөтөлбөр нь яг мэргэжлийнхээ мөн чанар болон зарчмыг орхигдуулаад байдаг юм шиг санагддаг. Ядаж л логог хэрхэн ашиглах талаар заадаггүй. Мөн харааны харилцаа болон гоо зүйг бол дурддаг ч үгүй. Дан ганц программ сураад дизайнер болчихно гэж ойлгодог. Жишээлбэл, эмчийн багаж хэрэгсэл мэддэг байлаа гээд би эмч болчихгүйтэй ижил Дизайны программууд бол бидний багаж хэрэгсэл юм. Энэхүү багажийг ашиглаад хүмүүст ямар мессежийг хэрхэн яаж хүргэх тал дээр ажилладаг. Төлбөрийн тухайд гэвэл 1 шат нь 2 сар үргэлжлэх бөгөөд 300 мянган төгрөг. Бямба, Ням гарагуудад өглөө болон өдрийн ангид элсэлт авч байна. Сургалт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр хичээллэж байгаа.
-За баярлалаа.
Б.Билгүүнболд: Өөртөө хөрөнгө оруулахад цаг алдаж болохгүй | |
DornodToday.mn Facebook |