Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан цэцэг өргөлөө

2021/11/05
Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан цэцэг өргөлөө
Эзэн Чингисийн мэндэлсэн өдөр, Монгол бахархлын энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ой мөн тохиож байна.
 
ХХ-р зууны Монголын түүхэнд нэр төр, алдар гавьяа, эрэлхэг, баатарлаг тэмцлээрээ монгол түмний сэтгэлд мөнхрөн үлдсэн Манлайбаатар Дамдинсүрэнгийн мэндэлсний тэгш дүүрэн ойг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэн, ойг зохион байгуулах комисс томилогдож, аймгийн хэмжээнд өргөн олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
 
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр Гурванзагал сумын төвд байрлах Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн хөшөөнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ойг зохион байгуулахы ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон сум, орон нутгийн удирдлагууд, ойн ажлыг зохион байгуулах комиссын гишүүд, ард иргэд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.
 
Ойн хүрээнд Монгол улсын Шинжлэх ухааны академитай хамтарсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Чулуунхороот сумын Үүлэн Хан уулын энгэрт байрлах Шинэ булгийн эхэн гэх газарт орших Манлайбаатарын онголсон газарт дурсгалын хөшөө барих, Аймгийн төв номын санд ном, судрын үзэсгэлэн гаргах, Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн нэрэмжит гудамж, талбай байгуулах, түүний амьдрал үйл хэргийг олон нийтэд сурталчлах телевизийн контент бэлтгэх, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд шүлгийн уралдаан зарлах зэрэг ажлуудыг зохион байгуулж, Дорнод аймгийн музейд түүний нэрэмжит үзмэрийн танхим хэдхэн хоногийн өмнө нээгээд байгаа юм.
 
 
 
Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан цэцэг өргөлөө  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх