Монгол түмний их шүтээн Жигважиджав Жанрайсиг буюу Их бурхантыг тахив

2021/10/17
Монгол түмний их шүтээн Жигважиджав Жанрайсиг буюу Их бурхантыг тахив
орнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн бурхан шашинтны төв Данригданжаалин хийд хамтран намрын дунд сарын Шинийн арваннэгний өдөр аймгийнхаа зон олныг төлөөлөн Дорнодчуудын төдийгүй монгол түмний, монгол туургатны, бурхан шашинтны их шүтээн Их бурхнаа тахих ёслол үйлдэж, өлзийт сайн энэ өдөр Их Бурхант цогцолборын дэргэд 108 мод тарьлаа.
Аймгийн Засаг дарга тахилгын ёслолд хэлсэн үгэндээ:
Ухаант мэргэн өвөг дээдэс маань Их бурхан бүтээх болсон үүдэл учир, түгээх тус буяныг үеийн үед сануулан түүхийн хуудсанд үлдээжээ. Тодруулбал: “Сэцэн хан аймгийн чуулган даргын Түгээмэл-Элбэгтийн 11 дүгээр оны /1861 он/ хуулга данс”-анд бичихдээ: “...Сэцэн хан аймгийн чуулганы газраа ихэс ноёд хуралдаж, ойрын хэдэн жил цаг улирлын байдал сайнгүй болж, аймгийн хүн малд хижиг гамшиг, ган зуд тохиож үлэмж сүйдсэний дээр аймгийн чуулган дарга, жанжин нар удаа дараа нас барав. Энэ юунаас болов хэмээн харилцан хэлэлцэж, мэргэд лам нараас айлтгал гуйсан нь Жанрайсиг бурхны хөргийг чадахын чинээгээр олныг бүтээвэл гай гамшиг түргэн арилна гэж аврал буулгажээ...” гэж тэмдэглэсэн байна.
Бурхан бүтээх үлэмж буяны үйлсэд олон ноёдын санал зараалаар тохоогдсон Бат-Очирын Тогтохтөр буюу То ван Халхголынхоо баруун эрэгцгийг дэрлүүлэн язгуурын гурван бурхны нэгэн дүр Жигважавжод Жанрайсиг бурхныг хосгүй том, ижилгүй сайхнаар бүтээсэн түүхтэй.
Энэ Их бурхан улирах цагийн урсгалд сүсэгтэн олныхоо сэтгэл итгэлд бишрэл залбирлыг бүрнээ болгоох, аврал энэрэл хайрлах шүтээн болон уламжлагдан иржээ. Өнөөдөр манай аймгийн хүн малд халдварт өвчин тохиож буй энэ ахуй цагт өвөг дээдсийн уламжлал, өнөөгийн сүсэгтэн олны санаа бодлыг хүндэтгэн дагаж, аймгийнхаа нийт иргэдээ даатган Их бурхнаа тахиж байна. Зон олны минь оюун санаа, ахуй амьдралаас эмээж түгшихийн айдас, гай гамшигийн барцад үтэр түргэнээ арилах болтугай хэмээлээ.
Монгол түмний их шүтээн Жигважиджав Жанрайсиг буюу Их бурхантыг тахив  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх