Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн иргэдийн дараах асуултуудад хариулт өглөө

2021/04/27
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн иргэдийн дараах асуултуудад хариулт өглөө
1. ДОРНОД АЙМАГТ БАНК АЖИЛЛАХГҮЙ БАЙГАА УЧИР БИЗНЕС ЭРХЛЭГЧИД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ ХОЦРОХ АСУУДАЛ ГАРЧ МАГАДГҮЙ. ЭНЭХҮҮ АСУУДАЛД ТАЙЛБАР ӨГНӨ ҮҮ?
-Аймгийн Онцгой комисст хүсэлт илгээсэн Төрийн банк, Хаан банк, Голомт банкны салбарууд 7 хоногийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад нийт ажилтан ажиллагсдын Чойбалсан хотод 10 хувь, сумдад 30 хүртэлх хувийг 08:00-12:00 цагийн хооронд зөвхөн дотооддоо ажиллах шийдвэрийн дагуу ажиллаж байгаа. Иймээс З хувийн зээл судлах үйл ажиллагааг явуулах бүрэн боломж бий. Хязгаарлалтаас хамаарч саатсан асуудал байхгүй.
 
2. ЗАРИМ ИРГЭД ЗАСГИЙН ГАЗРААС ОЛГОСОН 300 МЯНГАН ТӨГРӨГ, ХАЛАМЖИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА. ЭНЭХҮҮ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖ БИЙ ЮУ?
-Аймгийн Онцгой комисс өнөөдрийн 42 дугаар хуралдаанаар интернет ашиглах боломжгүй, цахим банк ашигладаггүй, картгүй иргэдэд зориулж, Төрийн банкны удирдлагуудтай зөвшилцөж, нэг удаагийн шийдвэрийг гаргалаа. Энэ нь өнөөдөр /2021.04.26/ 13:00-18:00 цагийн хооронд,
-маргааш /2021.04.27/ 09:00- 18:00 цагийн хооронд Төрийн банкны төв салбар, Үйлчилгээний төвд байрлах салбаруудад дээрх шалтгаантай иргэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн, хяналт дор үйлчлүүлэхийг зөвшөөрлөө. Шаардлагатай тохиолдолд сунгах боломжтой. Ингэхдээ үйлчилгээ авах иргэд PCR шинжилгээ өгнө. Үйлчилгээ үзүүлсэн ажилтан, ажиллагсад 7 хоног гэртээ тусгаарлагдах юм. Бусад банкуудын хувьд иргэдэд үйлчилгээгээ цахимаар явуулах боломжтой, биечлэн үйлчилгээ үзүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн.
 
3. УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ДОТООДДОО ЖУРАМ ГАРГАН ХАЛДВАР ТАРХСАН АЙМГУУДААС АЖИЛТНУУДАА ТАТАХГҮЙ, ЭЭЛЖ СОЛИХГҮЙ, БУУЛГАХГҮЙ БАЙГАА АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙГАА ЮМ БАЙНА. АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ АЛБАН ЁСООР ХАНДСАН АСУУДАЛ БАЙНА УУ?
-Энэхүү үүсэж байгаа асуудлаас харахад иргэдийн дэглэм зөрчиж халдвар тараасан хор уршиг нь 82 мянган иргэнд доргилт болж очиж байна. Дорнод аймагт томоохон 3 уул уурхайн аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг.
-Бидний зүгээс 2 хувилбарыг санал болгож байгаа юм.
-Нэгдүгээрт: ээлж солих ажилтан, ажиллагсад аймгийн төвд тусгаарлах байранд тусгаарлагдан, давтан шинжилгээний хариуг үндэслэн ажилд нь оруулах,
-Хоёрдугаарт: ажлын байрандаа очиж, тусгаарлагдан, давтан шинжилгээний хариуг үндэслэн ажилд нь оруулах.
-Одоогоор Степ голд ХХК-ийн хувьд 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж 40-50 ажилтан, ажиллагсдаа аймгийн төвд тусгаарлах байранд тусгаарлан, давтан шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд ажилд нь оруулах зарчмаар ажиллаж байна.
- Шинь шинь ХХК нь ямар горимоор ажилтан, ажиллагсдынхаа ээлжийг солих саналаа хараахан ирүүлээгүй байна.
- Петрочайна Дачин тамсаг ХХК-наас 19, 20 дугаар талбайгаас 100 гаруй ажилтан, ажиллагсдынхаа ээлжийг солих хүсэлтээ ирүүлсэн.
Бид дээрх 2 горимыг сонгож ээлжээ солих саналыг хүргүүлээд байгаа юм. Шинь шинь ХХК, Петрочайна Дачин тамсаг ХХК-аас хараахан хариу ирээгүй байна.
 
4. БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ДЭЛГҮҮРҮҮД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
-Аймгийн Онцгой комиссын өнөөдрийн 42 дугаар хуралдаанаар барилгын материалын дэлгүүр, автомашины сэлбэг худалдаалдаг дэлгүүрүүдийг Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад 14:00-18:00 цагийн хооронд хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх шийдвэр гараад байна. Сумд руу эдгээр материалуудыг явуулах бол хяналтын цэг дээр солилцох, эсвэл хүргэж өгөн автомашинаа буцаах юм уу, тухайн нөхцөл байдалдаа уялдуулж уян хатнаар зохицуулж болно.
 
5. ДЭГЛЭМ ЗӨРЧСӨН ИРГЭДЭД ХЭРХЭН ХАРИУЦЛАГЫГ ТООЦОЖ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? ХЭСЭГ ИРГЭД ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛОСОН АСУУДАЛ ЦАХИМ ОРЧИНД ШУУГИАД БАЙНА. ТОДРУУЛБАЛ?
-Дэглэм зөрчиж мөрийтэй тоглосон асуудлыг Цагдаагийн газар шалгаж байна. Хэрэг шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа учир надад мэдээлэх эрх байхгүй. Та бүхэн хуулийн байгууллагаас тодруулах бүрэн боломж бий.
-Миний хувьд айл өрхийн тэргүүн аав, аж ахуй нэгж байгууллагын удирлагууд, аймгийн Онцгой комиссын гишүүд хариуцлагатай байхыг шаардаж аймгийн Онцгой комиссоор тогтоол батлуулсан. Энэхүү тогтоолоор төрийн бүх байгууллагын удирдлагууд, аймаг, сумын Онцгой комиссын гишүүд зөвхөн гэр, ажил гэсэн маршрутаар явахыг үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл гэртээ зочин урихгүй, аав ээж, ах дүү хамаатан садан, найз нөхдийнхөөрөө зочлохыг хориглосон. Харин ажлын шаардлагаар зорчих, эмийн сан, дэлгүүр, эмнэлэг орж болно. Хэрвээ энэхүү тогтоолыг зөрчсөн тохиолдолд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу хариуцлага тооцно.
-Дэглэм зөрчсөн иргэдийг халдвар тараасан, тараагаагүйгээс үл хамаарч, дэглэм зөрчсөн л бол үүнээс үүдэн гарсан зардлыг нэхэмжилнэ. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналаа хүргүүлнэ. Энд огт хаацайлсан, хойрго хандсан зүйл байхгүй.
 
6. МАХ БОЛОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ИХ БАЙГАА ТУХАЙ ИРГЭД ХЭЛЖ БАЙНА. ҮНИЙГ ХЯНАХ БОЛОМЖ БИЙ ЮУ?
-Энэ цаг үед аж ахуй нэгжүүд иргэддээ туслах хамгийн гол арга бол бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байх ухамсар юм. Засгийн газраас цахилгаан, хог зайлуулах, усны үнийг тэглэсэн нь үнэ нэмэхгүй байх гол хүчин зүйл. Үнэ зохиомлоор нэмсэн эсэхэд хяналт, шалгалтыг давтан зохион байгуулж, үндэслэлгүй нэмсэн нь тогтоогдвол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж, хуулийн хариуцлага тооцуулах ажлыг эрчимтэй явуулна.
-Хавар болгон махны үнийн асуудал яригдаж байна. Энэ жилээс махыг хадгалах нөөцлөх агуулах, хөргөгч нэмэгдсэн. Тиймээс ирэх оноос аймаг, орон нутгийн зүгээс махыг нөөцлөх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Мөн мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуй нэгжүүдтэй өнгөрсөн жилээс хэлцэл хийж хадгалсан, нөөцөлсөн махаа хямд үнээр зах зээлд нийлүүлэх, эсвэл амьд малаа эргэлтэд оруулах асуудлыг зөвшилцсөн. Ялангуяа шинэ махыг хямд үнээр худалдаалахад тодорхой бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 
✅ ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 42 ДУГААР ХУРАЛДААНААР ГАРСАН ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛБАЛ?
✅ Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар: адуу, үржлийн малыг тээвэрлэхийг хориглосон байсныг үржлийн цаг эхэлж байгаатай холбогдуулан аймаг дотроо болон Дорнод аймгаас бусад аймаг руу тээвэрлэхийг зөвшөөрсөн. Харин бусад аймаг, нийслэлээс Дорнод аймаг руу адуу, үржлийн мал оруулахыг хориглосон.
✅Мөн аймгийн хэмжээнд нэг өрхөөс нэг шинжилгээ авах бэлтгэлийг хангаж, нөөц бүрдүүлэх тооцооллыг мэргэжлийн байгууллагууд танилцууллаа. 21 мянган хүнд PCR шинжилгээ хийхэд 416.4 сая төгрөг зарцуулах тооцоо гарч байна. Энэхүү шинжилгээг хийхээр зорьж байгаа учир хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр анхаарах шаардлагатай болж байна.
✅Вакцинжуулалтын хувьд эхний ээлжид ирсэн 8500 тун вакциныг Эрүүл мэндийн яамны гаргасан тархвар судлалын заалтаар коронавируст халдвартай тэмцэж буй байгууллагуудын ажилтнууд болон стратегийн ач холбогдолтой байгууллагын ажилтан, ажиллагсдад хийсэн бол аймаг бие даан шийдвэр гарган тээврийн жолооч, худалдагч нарт мөн хийсэн.
Вакцин тусгай бараа учир Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулж татан авдаг. Бид дараагийн ээлжийн вакцинаа яаралтай татан авахаар Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой комиссын даргад уламжлахын зэрэгцээ Дорнод аймгаас сонгогдсон 2 гишүүнд хүсэлтээ уламжилсан. Гишүүдийн зүгээс ЭМЯ-нд хандаж дараагийн ээлжийн вакцинаас тэргүүн ээлжид хуваарилуулах асуудалд анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Мөн манай аймаг дипломат харилцааны хүрээнд хөрш зэргэлдээ ӨМӨЗО-ны аймгуудад хүсэлтээ явуулаад байна.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн иргэдийн дараах асуултуудад хариулт өглөө  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх