Аутизмтай ба хөгжлийн бусад онцлогтой хүүхдүүдэд зориулсан төсөл Дорнод аймагт хэрэгжээд дуусч байна

2021/02/22
Аутизмтай ба хөгжлийн бусад онцлогтой хүүхдүүдэд зориулсан төсөл Дорнод аймагт хэрэгжээд дуусч байна
Монголын Аутизмын Холбооноос санаачлан Канад сангийн санхүүжилтээр Дорнод аймгийн Хэрлэн сумын дунд сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа "Дорнод аймагт оюуны бэрхшээлтэй сурагчдад ээлтэй сурах орчинг бүрдүүлэх нь" төсөл 4 сарын хугацаанд үргэлжилж төгсөлтийн шатандаа ороод өндөрлөх гэж байна.
 
Бид төслийн эхний шатны үйл ажиллагааны талаар мэдээлж байсан бөгөөд төслийн дараагийн шатанд хэрэглэгдэхүүн бэлтгэн гаргах, анги танхим ба тайвшруулах өрөөг бүрэн засаж тохижуулах ажлуудаа эцсийн байдлаар дуусгалаа. Хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг тусгай ангийн багш нараас гадна, тус ангид сурдаг сурагчдын ээжүүд хамтран бүтээсэн ба Монголын Аутизмын Холбооны идэвхтэн ээж М.Дулмаа аутизмтай хүүхдүүдийн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг мөн боловсруулан бэлтгэж өгсөн юм.
 
Дээрх 3 үндсэн чиглэлээс гадна дараах үндсэн 2 чиглэлээр төслийн баг ажиллаад дуусч байна:
1. "Хөгжлийн ялгаатай сурагчдыг нэг ангид хэрхэн хамтад нь сургах тухай" багш, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагыг боловсруулан, засан сайжруулж хэвлүүлэн эхний ээлжинд хөдөө орон нутгийн тусгай бүлгийн багш нарт үнэ төлбөргүй тараах юм.
2. Мөн тусгай бүлгийн хүүхдүүд КОВИД-19 цар тахлын өнөө үед болон эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ хичээллэж байх үедээ алсаас зайны сургалтыг авч, хичээлээсээ хоцрохгүй байх нөхцлийг хангах үүднээс цуврал видео хичээлүүдийг боловсруулан бэлтгэн гаргаж байгаа юм. Эдгээр хичээл гарснаар эцэг эхчүүд тухайн видео хичээлийн линк рүү орж хүүхдээ өглөө бүр багштай нь уулзуулан, хүүхдүүд багшийнхаа зааварчилгааг даган ангидаа хийдэг үйл ажиллагаануудаа гэртээ хийх боломжтой болох юм.
Видео хичээлүүд нь дээрх гарын авлагад багтсан хичээлүүдтэй холбогдож байгаа учраас багцаар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй ба сонирхолтой байх болно. Гарын авлага болон видео хичээлүүдийг тус сургуулийн тусгай бүлгийн ангийн багш Г.Төгсжаргал, туслах багш Э.Халиунаагийн хамт Монголын Аутизмын Холбооны чиглүүлэг зөвлөгөөний дагуу боловсруулан гаргаж байгаа билээ.
Төслийн үйл ажиллагаа 2 дугаар сарын 28-нд бүрэн дуусч гарын авлага, видео хичээлүүд зорилтот хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүддээ хүрэх юм.
Аутизмтай ба хөгжлийн бусад онцлогтой хүүхдүүдэд зориулсан төсөл Дорнод аймагт хэрэгжээд дуусч байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх