Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 17 дугаар жарны төмөр үхэр жилийн Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн Монгол улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулж сар шинийн баярын өдрүүдэд сүм хийд, үзмэрч, зурхайч, лам, бөө нараас олон нийтийг хамруулсан шашин номын хурал, цуглаан зохион байгуулахыг, мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад очиж жилийн засал хийхийг тус тус хориглож, цахимаар шашны болон жилийн заслын зан үйл хийхийг зөвлөжээ.
Мөн цагаан сарын баяраар иргэдийг гэртээ зочин урихыг, айлд зочлохыг, Шинийн нэгний өглөөний нар харах зорилгоор уул, овоонд гарч бөөгнөрөл үүсгэхийг, мөн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг албан хаагчид болон иргэдийг хамруулсан золголтын арга хэмжээ зохион байгуулахыг тус тус хориглосон аймгийн Онцгой комиссын тогтоол гарчээ.