Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.НЯМСҮРЭН: Орон нутгийн өмчийг ашиглан хувийн хэвшлийг дэмжинэ

2020/12/30

Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Мөнхбатын НЯМСҮРЭН:

Манай аймгийн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэгээр нэмэгджээ. М.Нямсүрэн нь эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистр, Удирдлагын академийн төрийн удирдлагын докторант. Тэрээр  ОНӨГ-ын даргаар томилогдоод удаагүй байна. Улсын бүртгэлийн хэлтэст дотоод хяналтын ажилтан, Хүний эрхийн Үндэсний Комисст ахлах мэргэжилтэн, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай шинэхэн даргын ажил үүргийн талаар хэсэгхэн ярилцсанаа хүргэе. 

-Манай сонины “Шинэ томилгоо” буланд зочилж байгаад баярлалаа. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар хэзээ томилогдов?

-Өдрийн мэнд баярлалаа. Өнгөрсөн 11 дүгээр сард томилогдсон.

-ОНӨГ  ямар асуудал эрхэлдэг байгууллага гэдэг талаар уншигчдад ойлголт өгнө үү?

-Засгийн газрын тогтоолоор 2016 онд аймгийн ИТХ-ын дэргэдэх өмчийн алба, худалдан авах ажиллагааны алба нэгдэж Орон нутгийн өмчийн газар болсон. Манай байгууллага нэгт, орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, арчлалтыг хариуцдаг.  Хоёрт төрийн болоод орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг. Тухайлж хэлбэл худалдан авах ажиллагаа нь төсвийн хөрөнгөөр өмч бий болгож өмчийн нэгж нь бэлтгэгдсэн хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцдаг. Энэ 2 үндсэн чиг үүрэг эргэх холбоотой, аль нэг нь доголдолгүй ижил түвшинд байх ёстой. Аль нэг, доголдвол татвар төлөгч та бидний мөнгө үр ашиггүй болж бүх зүйлийн суурь өгөгдөхүүн болох өмч эзэнгүйдэж үрэгдэнэ. Тэгэхээр орон нутаг өмчдөө эзэн байх ёстой. Худалдан авах ажиллагаа манай аймагт бүрэн цахимжсан. Энэ чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагын барьж буй бодлого зөв төдийгүй өмнөх удирдлага сайн ажиллаж байсан. Цаашид энэ хүрсэн түвшинг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын ажлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.

-Энэ ажлыг авахдаа хийж хэрэгжүүлье гэж бодож зорьсон ажил байгаа л байх. Цаашид ямар ажлыг  хийхээр төлөвлөж байна?

- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиараа аймгийн ИТХ бол энэ орон нутагт хүн амаа төлөөлж орон нутгийн өмчийн эзэн. Одоогоор аймгийн хэмжээнд 150 гаруй байгууллагын 225 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй байна. Өмч өөрөө бүх зүйлийн үндсэн суурь улс, байгууллага оршихын үндэс гэж ойлгодог. Бид асуудал хариуцсан агентлагийн хувьд орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг сайжруулж илүүдэлтэй болон ашиглах боломжгүй болсон барилга, хөрөнгүүдийг хуулийн хүрээнд эргэлтэд оруулах, төрийн байгууллагуудын өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг амь оруулах, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үр ашгийг нэмэгдүүлэх, засвар арчлалтыг сайжруулах чиглэлээр томилогдсон цагаасаа тодорхой ажлуудыг төлөвлөж аймгийн Засаг даргад санал хүргүүлээд эхнээс нь холбогдох шийдвэрүүдийг гаргуулаад ажиллаж байна. Тухайлбал,  Халхгол суманд Шинэ сум төсөл хэрэгжиж хуучин ЕБС, сумын ЗДТГ, соёлын төвийн барилга, МСҮТ-ийн төвийн хуучин болон шинэ байр, НАА спорт зал, багуудад байгаа халуун усны барилгууд ашиглагдахгүй байгаа. Энэ ашиглахгүй үргүй зардал гаргаж байгаа барилгуудыг төр болон хувийн хэвшилд шилжүүлэх, нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж хөрөнгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ажлуудыг эхлүүлээд байна. Мөн боломжит нөхцлөөр хуулийн хүрээнд холбогдох эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрээр орон нутгийн өмчийг ашиглан хувийн хэвшлийг дэмжинэ. 

-ОНӨГ-ын үйл ажиллагааны тухай ярихаар тендер шалгаруулалтын тухай зайлшгүй ярих болно. Худалдан авах ажиллагаа буюу тендертэй холбоотой мэдээллийг tender.gov.mn хаягаар авдаг болсон.  Тэгвэл үнэлгээний хорооны тухай мэдээлэл өгөөч Үнэлгээний хороо буюу тендер шалгаруулдаг баг бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтдаг вэ. Ямар үндэслэлээр тендер шалгаруулах бүрэлдэхүүнийг сонгодог юм бол?

-Төрийн болоод орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх гэсэн шаардлага тавигддаг. Энэ шаардлагад нийцсэн төрийн болон төрийн бус мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулан захиалагчийн шийдвэрээр үнэлгээний хороог байгуулдаг. Худалдан авах чиглэлээр мэргэшсэн гэх буюу А3-ын сертификаттай хүн орох боломжтой. Манай байгууллага тухайн худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хорооны гишүүдийн саналыг захиалагч буюу төсвийн ерөнхийлөн захирагч, аймгийн Засаг даргад танилцуулдаг. Мөн манай байгууллагаас худалдан авах ажиллагаанд оролцож буй иргэн аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулдаг. Ингэж аль аль тал нь чадавхжсанаар тендэр шалгаруулалт хуулийн хүрээнд явагдах боломж бүрдэнэ.

-Та аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

-Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс аймгийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Манай хэлтсийн ажил олон нийтэд тэр бүр мэдрэгддэггүй ч аймаг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй бодит биеллээ олсон бүх л ажлын ард тамгын газрын албан хаагчид болон хууль эрх  зүйн хэлтэс ажилладаг. Намайг ажиллах хугацаанд манай улс анх удаа захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэр гаргах процессыг тогтоосон “Захиргааны Ерөнхий хууль”-ийг баталсан. Энэ хууль батлагдсан даруйд аймгийн Засаг даргын харьяа агентлаг хэлтсүүдэд тухайн хуулийг танилцуулж, зөвлөмж боловсруулж ажилласан нь улсын хэмжээнд үнэлэгдэж байсан. Аливаа хүн, хуулийн этгээд эрхзүйн боловсролтой бол нийгмийн бүхий л харилцаанд шууд оролцох нөхцөл боломж бүрддэг гэж би хардаг. Тиймээс манай хэлтсээс сум, багуудад ажиллах эрхзүйн хөтчийг ажиллуулах ажлыг эхлүүлсэн. Аймгийн ЗДТГ-ын хуулийн хэлтэст хууль, хүчний байгууллагууд харьяалагддагийг та мэдэх байх. Өнгөрсөн жилүүдэд бид “Хууль хяналтын байгууллагуудын тайлант өдөрлөг”-ийг өргөн хүрээнд хийдэг болсон. Би энд нэг зүйлийг онцлохыг хүсч байна. Юу гэвэл Дорнод аймаг хөдөө сумдаа уурын зуухаар хангах ажлыг концессын гэрээгээр хийлгэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан гэрээний төсөл дээр ажилласан. Анх удаа орон нутагт концессын гэрээг “Барих-өмчлөх-ашиглах” төрлөөр байгуулах ажлыг ажлын хэсгээрээ амжилттай зохион байгуулж дууссан. Мөн аймгийн ЗДТГ-ын Хууль,эрх зүйн хэлтсийн нэг чиг үүрэг аймгийн Засаг дарга, түүний тамгын газрыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гарган хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр шүүх хуралд оролцож төр, нийтийн эрх ашгийг хамгаалах үүргийг хүлээн ажилладаг. 

-Тухайлбал та шүүхийн ямар асуудлыг хариуцаж ажиллаж байсан бэ?

Намайг аймгийн ЗДТГ-т ажиллах хугацаанд аймгийн Засаг дарга түүний тамгын газрын зүгээс  газрын тосны нөөц ашигласны орлогоос орон нутагт орох ёстой хуульд заасан 30 хувийн асуудлаар, “Ивээл” хорооллын 30-р байрны хажуугийн 6 давхар барилга, Хэрлэн сумын тавдугаар багт байрлах барилга, хуучин ноосны үйлдвэр, Их бурхант цогцолборын 4 махранз бурхан, Хэрлэн сумын 3 багт байрлах хуучин намын хорооны барилгатай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төр захиргааны байгууллагууд шүүх хуралд ихэвчлэн хариуцагчаар татагддаг байсан бол нийтийн эрх ашгийн төлөө аймгийн удирдлагууд нэхэмжлэл гаргаж болдог юм гэдгийг харуулж эхнээсээ үр дүнгээ үзэж нэхэмжлэлийн шаардлагууд хангагдаж байгаа. Нэлээн хэл ам дагуулсан “Петроматад ХХК” болон “Магнай трейд” Газрын тосны 17-р талбайн асуудлаар шүүх дээр бид ялалт байгуулж байлаа. Энэ бүх асуудлын баримт бичиг, процессын ажиллагаан дээр Хууль зүйн хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд ажилладаг. Мэдээж энэ бүгдэд салбарын чиг үүргийн агентлаг байгууллага шаардлагатай мэдээлэл холбогдох материалыг өгч,  аймгийн удирдлагууд заавар чиглэлээр хангаж нэгдсэн бодлогоор хийгддэг. 

-Таныг өдий хүртэл урагшлуулсан ажилдаа баримталдаг зарчим?

-Төрийн албаны тангараг өргөсөн албан хаагчийн хувьд хэн нэгэнд биш төрд, нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа гэдэг итгэл үнэмшил чухал.

-Шинэ томилогдсон ажил тань таны өмнө нь хийж байсан ажилтай харьцуулахад төстэй ба ялгаатай тал?

-Аймгийн Засаг даргын харьяа агентлаг хэлтсээс хийж хэрэгжүүлж буй бүх л ажил аймгийн Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад болон Хууль эрх зүйн хэлтсээр дамжиж Засаг даргын шийдвэр болон гардаг. Миний хувьд хуулийн асуудал хариуцсан ахлах байсан учраас хэлтсийн даргаараа дамжуулан аймгийн удирдлагуудаас гарах өмч болон худалдан авах ажиллагааны чиглэлийн нэлээдгүй асуудлыг эрхэлж байсан учраас хуулийн хүрээнд худалдан авах ажиллагаа, өмчийн асуудлаар тодорхой түвшний мэдлэг мэдээлэлтэй байдаг.

-Та ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Би 2011 онд эрх зүйч мэргэжил эзэмшиж өмгөөлөгчийн туслахаар ажлын гараагаа эхэлж байлаа. Туслахаасаа төрийн албаны шалгалт өгч аймгийн ЗДТГ-т ажилд орж байсан.

-Төрийн албыг та юу гэж ойлгодог вэ?

-Төрийн алба бол нийтийн эрх ашиг. Бид түүнд үйлчилж буй албан хаагчид. Энэ албыг нийтэд үйлчлэх сэтгэл зүтгэлтэй хүн нь эрхлэх ёстой гэж ойлгодог.

-Төрийн алба танд юу өгсөн бэ? 

-Төрийн ажил хуулийн дагуу нийтийн сайн сайхны төлөө явагдах ёстой гэдгийг л сургасан даа. Цагаан дээр хараар юу гэж бичиж хуульчилсан байна түүнийг л дагана гэсэн хуульчдын нийтлэг нэг зарчим бий.  

-Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан байсан гэдэг тодорхойлолт чинь сонирхол татлаа. Тэр байгууллагаас юу сурсан бол гэсэн бодол төрж байна л даа? 

-Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийг хөхүүлэн дэмжих чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулах, хүний эрхийг хамгаалах чиглэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй Улсын Их Хурлаас байгуулдаг хяналтын чиг үүрэгтэй байгууллага энэ байгууллагын нэг эд эс болж байсан маань их зүйлийг сургасан. Тус байгууллагад ажилласнаараа хүний эрхэд суурилсан арга зүй хандлага гэж юу байдгийг ойлгосон төдийгүй олон талын туршлага хуримтлуулсан гэж боддог.

-Таныг энэ ажилд томилогдсонтой холбоотой хууль бус томилогоо, сонгон шалгаруулалт явагдах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн байсан. Та ямар тайлбар өгөх үү? Энэ ажилд яаж томилогдов?

-Хувь хүний гаргасан шийдвэр, байр суурийн өмнөөс би энд тайлбар өгөх нь зохимжгүй байх. Удирдлагаас шийдвэр гаргаад шилжүүлэн томилсон, түүний дагуу уг албан үүргийг гүйцэтгэхээр ажиллаж байна. Олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас болон аймгийн ЗДТГ-ын албан хуудсаар зарлагдаж түүнд хууль журмын дагуу шалгалт өгч тэнцсэн байгаа. Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэж чадахуйн зарчмаар хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлан төрийн албан хаагчийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэдэг болсон. Энэ л зарчмаар энэ албанд томилогдоод албан үүргээ гүйцэтгэж байна.

-Ярилцсанд баярлалаа ажилд тань амжилт хүсье.

Эх сурвалж: Дорнод сонин Б.ОДМАА

Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.НЯМСҮРЭН: Орон нутгийн өмчийг ашиглан хувийн хэвшлийг дэмжинэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх