Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян: Сараагийн түүх

2020/12/04
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян: Сараагийн түүх

Хувь хүний нууцыг чанадлан хамгаалах үүднээс нэр, хэргийн зарим мэдээллийг өөрчилсөн болно.

 

Монгол Улсын зүүн хойд хил буюу Дорнод аймагт өсвөр насны охин Сараа, гэр бүлийнхээ хамт өлмөн зэлмэн, хүндхэн нөхцөл байдалд амьдардаг байв. Сараагийн ээж Алтан архаг архичин бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаасаа болж тогтвор суурьшилтай ажил хийж чаддаггүй. Үүний улмаас Сараа дүү, ээж, эмээ болон ээжийнхээ үе үе хамтран амьдардаг хөндлөнгийн эрчүүдээс бүрдэх тэдний гэр бүлийн хувьд ямарч орлогогүй, тогтвортой тайван амьдрах боломжгүй. Үнэндээ энэ гэр бүл олон жилийн турш хогийн цэг дээр өнжиж, траншейнд хоноглодог байжээ. Түүгээр үл барам, Алтан болон түүний  ээж хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй төдийгүй, тэднийг юм сурах чадваргүй, оюуны хомсдолтой гэж итгэсний улмаас Сараа болон түүний дүүг ямар ч албан боловсролд хамруулаагүй байна.

Ядуурлын түвшин өндөр аймгуудын нэг Дорнод аймагт оршин суух Сараагийн гэр бүл ийм их бэрхшээл сорилт дунд амьдарч байсан тул эмзэг өрх гэж бүртгэгджээ. Ингэснээр тэд Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ) ядуу өрхүүдийг боловсрол, амьжиргаа болон орон гэрээр дэмжих зорилгоор санаачлан хэрэгжүүлдэг Гэр бүлийн хөгжил дэвшил хөтөлбөрийн (ГБХДХ) 2020 оны хөтөлбөрт хамрагдах боломжтой болжээ. ГБХДХ-өөс ирэх тусламж нь тэдний гэр бүлийн нийгмийн халамжаас сар бүр авдаг 840,000 төгрөг болон хүнсний талон дээр нэмэгдэнэ.

Ийм боломж олгосоор байтал тэдний гэр бүлийн амьдралын чанар бараг дээшилсэнгүй. Тухайлбал, нийгмийн халамжаас өгдөг 840,000 төгрөгийг архинд зарцуулдаг төдийгүй ГБХДХ-өөс нийт гурван удаа гэр, нэг удаа бүр жижиг байшин барьж өгсөн боловч Алтан үргэлж түүнийгээ зарж үрээд хогийн цэг эсвэл траншей руугаа буцахаар шийддэг байлаа. Аз болоход ГБХЗХГ-ын баг эдгээр бэрхшээлийг үл харгалзан тэдний гэр бүлд тусалсаар иржээ. Тэдэнд бүрэн тавилгатай шинэ гэр бэлэглэснээс гадна ГБХЗХГ-ын баг уг өрхийн гишүүдтэй ойр дотно ажиллаж, эрүүл ахуй, гэрийн ажил зэрэг амьдралын суурь ур чадваруудыг зааж, Сараа болон дүүгийнх нь хөгжлийг харилцааны хичээлээр дамжуулан сайжруулахад тусалсаар ирсэн байна.

Ийнхүү тэднийд байнга очдог болсноор ГБХЗХГ-ын баг Сарааг бэлгийн хүчирхийлэлд өртдөг боловч түүнийгээ нууж байгааг олж мэдсэн байна. Багийнхан анхандаа Сарааг зарим үед хойд эцэгтэйгээ хоёулахнаа гэртээ үлддэг гэдгийг мэдээд эрсдэлийн үнэлгээ хийхээр шийджээ. Гэвч эмээ нь шууд хориглож, Сарааг оюуны хомсдолтой учраас өөрийгөө илэрхийлж чадахгүй, бүр худал хэлж ч байж магадгүй гэсэн байна. Багийнхан үнэлгээ хийх хэрэгтэй гэж зүтгэсний хүчинд эцэстээ байдал Алтан болон түүний ээжийн ярьдгаас тэс ондоо буюу Сараа болон түүний дүү нь сэргээн засаж болох хөгжлийн асуудлаас өөр оюуны хомсдолгүй болохыг олж илрүүлсэн. Тэд мөн Сарааг ээжийнхээ хамтран амьдардаг байсан эрчүүдэд хүчиндүүлж ирснийг, мөн Сараа болон дүү нь Алтангийн зүгээс бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд ч өртдөг байж болзошгүйг илрүүлсэн байна.

Ийн мэдсэн даруйдаа ГБХЗХГ-ын баг яаралтай цагдаатай холбогджээ. Энэ үйлдлийг ч мөн эмээ нь нийгмийн халамжийн дэмжлэгээ алдаж магадгүй гэж санаа зовсний улмаас хориглож Сараагийн сэтгэцийн байдалд итгэх аргагүй гэж зөрүүдэлж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч, ГБХЗХГ-ын багийн мэдээллээр цагдаагийн хянан шалгах ажиллагаа эхэлж, улмаар хойд эцгийг баривчилж, ГБХЗХГ-ын багийн саналаар Сараа болон дүүг нь ЖСХ-ийн даван туулагчдад зориулсан аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвд (НЦҮТ) аваачжээ. Үүнийг эсэргүүцсэн Алтан болон түүний ээж ГБХДХ-ийн тэдэнд туслах санаачилгуудаас татгалзаж эхэлснээр сүүлийн хэдэн сард гараад байсан ахиц дэвшил харамсалтайгаар байхгүй болов.

Алтан, эхийн хамт хүүхдүүдээ буцааж авна гэж хатуу шаардсаар байсан тул ГБХЗХГ-ын баг арга буюу зөвшөөрч, хүүхдүүдийг гэрт нь буцаан хүргэсэн. Гэвч Алтангийн биеэ авч явах байдал өөрчлөгдсөнгүй. Хэтрүүлэн уудгаа үргэлжлүүлсээр байсан бөгөөд заримдаа гэртээ эрчүүдийг урьж хамт уудаг байлаа. Нэг удаа бүр Сарааг найзуудтай нь хамт уухыг ятгасан байна. НЦҮТ-ийн баг энэ тухай сонссон даруйдаа Сараа болон эрэгтэй дүүг нь НЦҮТ-д буцаан аваачиж түр байрлуулаад удалгүй даван туулагч хүүхдүүдэд зориулсан тусгай тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарч ажилладаг нэгэн орон нутгийн хүүхдийн асрамжийн төвд аваачжээ.

Үүний дараа НЦҮТ-ийн ажилтнууд болон “хамтарсан баг” (ХБ) Сараа болон дүүд нь туслах олон төрлийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна. Тэд мөн Алтантай ойр ажиллаж, сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулснаар зан араншин болон зан үйлд нь өөрчлөлт гарч эхэлсэн. Алтан төв дээр согтуу ирж, агсамнадаг байсан бол хэдэн удаагийн зөвлөгөөний дараагаас эрүүл ирдэг болж, төвийн ажилтнуудтай сайн харилцаа үүсгэж эхэлсэн байна. Алтан мөн Сараагийн төрсөн эцгийг олж чадсанаар НЦҮТ-ийн ажилтнууд өсвөр насны охинд аюулгүй, ая тухтай байдлаар эцэгтэйгээ харилцаа тогтооход нь тусалж эхэлжээ.

ЖСХ-ийн олон талт шинжийг, тэр дундаа ЖСХ-ийн суурь шалтгаан болон өдөөгч хүчин зүйлс, мөн үр нөлөөллийг цогцоор нь авч үзсэний үндсэн дээр Дорнод аймгийн НЦҮТ нь төрийн болон төрийн бус байгууллага, мөн бизнесийн байгууллагуудтай харилцаа холбоотой байж, тэдний хувьд ихэвчлэн хязгаарлагдмал байдаг нөөц бололцоо болон чадавхийг нөхөж ажиллахыг зорилгоо болгосон билээ. Аймаг даяар үүсгэсэн энэхүү бат бэх сүлжээ, хамтын ажиллагаа нь НЦҮТ-ийг Сараа болон түүний дүүгийн тохиолдлын нэгэн адил хүчирхийллийн даван туулагчдыг цогц тусламж үйлчилгээ авах боломжоор хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, НЦҮТ нь залуу даван туулагчдыг боловсролын үйл ажиллагаанд оролцуулж, улмаар сургуульдаа үргэлжлүүлэн явах нөхцөлийг хангах хамтын ажиллагааг асрамжийн төвтэй хамтран эхлүүлээд байна. Мөн НЦҮТ-д ирдэг даван туулагч болон хүчирхийлэл үйлдэгчдийн дунд архины хамааралтай хүн олон байдаг учраас НЦҮТ нь Бетел Монголиа гэдэг шашны байгууллагаас ажиллуулдаг архины сэргээн засах эмчилгээний төвтэй холбоотой ажиллаж байна. Өөр нэгэн үйлчлүүлэгчид туслах үедээ ХБ мөн Дорнод дахь эмэгтэйчүүдийн онлайн бүлгэм зэрэг нийгмийн бүлгүүдтэй холбогдож, хандив болон бусад үндсэн хэрэгцээт зүйлсийн тусламж хүссэн бол НЦҮТ-ийн ажилтнууд хүчирхийллийн даван туулагчдад төвөөс явсныхаа дараа амьжиргааны эх үүсвэрээ олоход нь туслахаар орон нутгийн компаниудтай холбогдон ажиллаж байна. ХБ-ууд мөн даван туулагчдыг аймгийн захиргаанаас хэрэгжүүлдэг ГБХДХ болон бусад хөтөлбөрт хамруулах боломжийг үргэлж эрэлхийлдэг. ГБХЗХГ, НЦҮТ болон ХБ-ын гишүүдийн уйгагүй зүтгэл, авхаалж, хөдөлмөрийн дүнд үйлчлүүлэгч нар хүчирхийлэлтэй нөхцөл байдлаас ангижрахад шаардлагатай дэмжлэгийг аваад зогсохгүй, нийгэмдээ эргэн орж, амьдралаа цааш жолоодон явах боломжтой болдог.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

 

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян: Сараагийн түүх  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх