Цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө

2020/11/24
Цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө
Өнөөдөр Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, БОЭТ-ийн захирал Д.Должин, ЦГ-ын Замын цагдаагийн тасгийн дарга П.Ганхуяг нар цаг үеийн нөхцөл байдал болон иргэд анхаарах ёстой зарим асуудлаар мэдээлэл хийлээ.
1.Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас Чойбалсан хот дотор зорчих зөвшөөрлийн бичгийг олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 284 тээврийн хэрэгсэл, 79 аж ахуй нэгжийн хүнсний түгээлтэд зорчих зөвшөөрлийн бичгийг олгоод байна. Мөн хүнс, мал мах тээвэр, буяны ажил явдал зэрэг хүндэтгэх шалтгаантай тээврийн хэрэгсэлд түр зорчих зөвшөөрлийг олгож байна.
2.Дорнод аймгийн Эрүүл мэндийн салбарын ажилчид COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг шат дарааллан зохион байгуулан ажиллаж байна. Улаанбаатар хот, болон бусад аймгаас ирж буй иргэд, тээврийн жолооч нар, Төмөрзам, Газрын тосны тээвэрлэлттэй холбоотой ажилчид, Хил гааль дээр ажиллаж буй нийт 2500 гаруй ажилтан, алба хаагчаас түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авч, нарийвчлан шинжлэх шаардлагатай 250 хүнээс PCR шинжилгээг авчээ.
Хэрвээ иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх бол 7058-3366 дугаарын утсанд хандаж урьдчилан цаг товлон ирнэ.
БОЭТ 338 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 223 ор нь ашиглагдаж байгаа юм. Өвчтөн хооронд зай бариулах, эргэлт оруулахыг зогсоохоос гадна амьсгалын замын өвчлөлтэй эмчлүүлэгчдэд тандалтын судалгаа шинжилгээ хийж байна.
Амбулаторийн үйлчилгээнд өдөрт 800-1000 иргэн үйлчлүүлдэг бол өнөөдрийн байдлаар 500 орчим хүн цаг товлон үзүүлж байгаа юм. Эмнэлгийн орчин бол хамгийн эрсдэлтэй бүс учир иргэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмнэлгийн үйлчилгээг авах ба 7058-2211 дугаарын утсанд хандаж, цаг товлон үйлчлүүлэх шаардлагатай.
Мөн Эмнэлгийн тусламж үйлчилгээний зарим хэсгийг хумьж байгаатай холбоотойгоор Хүүхэд, Дотор, Мэдрэл, Чих хамар хоолой, Эрүү нүүр, Төрөх эмэгтэйчүүд, Мэс засал, Халдварт сүрьеэ, Хавдар, Нүд гэсэн 7 чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нар утсаар болон цахим зөвлөгөө, тусламжийг 7 хоногийн бүх өдөр 08-17 цаг хүртэл үзүүлж эхэллээ.
3.Чойбалсан хотын замын хөдөлгөөнийг зохицуулахаар өдөр бүр Цагдаагийн газраас 20, Цэргийн алба хаагчдаас 20 нийт 40 алба хаагч ажиллаж байна. Зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл, хүнс, ачаа тээврийн автомашин, эмнэлэг хүнсний үйлчилгээг авах иргэд хотын аль хэсгээр зорчих боломжтой маршрутыг харуулсан бүдүүвч зураглалыг гаргаад байна.
ИРГЭН ТА “ГЭРТЭЭ БАЙЖ” ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭРСДЛЭЭС ХАМГААЛАХЫГ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБААС АНХААРУУЛЖ БАЙНА.
Аймгийн Шуурхай штабын утас: 7058-4647
Хариу арга хэмжээ авах эмч нарын баг утас: 7058-3366
Цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх