Усжуулалтын байгууламжид хашигдсан загасыг нууранд нь шилжүүлэн тавих ажил хийгдэж байна

2020/11/06
Усжуулалтын байгууламжид хашигдсан загасыг нууранд нь шилжүүлэн тавих ажил хийгдэж байна
Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байрлах Шаазан нуур буюу иргэдийн хэлж заншсанаар /Казакын/ нуурын усжуулалтын байгууламжид боогдсон загасыг нууранд нь шилжүүлэн тавих ажил 4 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат, Бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, аймгийн онцгой комиссын орлогч дарга Х.Нармандах нар газар дээр очиж ажиллалаа.
Хамгийн анх хар галуу нуурын эргээр олноор эргэлдэх болсон талаар нутгийн иргэд Баянтүмэн сумын байгаль хамгаалагч н.Ганболдод мэдээлэл өгсний дагуу газар дээр нь ирж шалгахад хуучин тариалангийн усжуулалт хийдэг байсан уг байгууламжийн доор олон тооны загас бөөнөөрөө хашигдсан байгаа талаар дээд газартаа мэдээлэл хүргэсэн байна.
Мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, Бүсийн төв Онцгой байдлын газрын аврах 1 бүлэг, Баянтүмэн сумын удирдлагууд, иргэд, цэргийн дүйцүүлэх албаны залуус, Л.Энхболд тэргүүнтэй Дорнод Спорт Загасчлалын Холбооны 20 гаруй гишүүд ирж боогдсон загаснуудыг дахь шилжүүлэн тавих ажлыг 4 дэхь өдрөө үргэлжлүүлэн хийж байна. Нийт мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, амарын сугас/соом/ зэрэг 4 төрлийн 5-8 тн буюу 300-400 мянган загас жараахай байна гэж тооцоолж байна.
 
Энэ жил Хэрлэн голын усны төвшин нэмэгдэхэд дагаад Шаазан нуурын усны түвшин нэмэгдэж загаснууд тус байгууламж доор байрлах 7 метрийн гүнтэй дулаан усанд дүрсээ шахжээ. Намар болж ус татрахад тухайн байгууламжийн давхар хаалтаас шалтгаалж эргээд нуурын усруу орох боломжгүйгээр боогдсон гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Бямбажав хэллээ.
 
Тус усжуулалтын байгууламж доор байрлах усан сан 600 тн багтаамжтай, 7 метр гүн учраас эхний ээлжид 4 ус шахах помпоор доторх усыг гадагшлуулж дотор талд нь хүн орж загаснуудыг дээш хувингаар зөөж, бөөнд нь машинд ачиж нуурлуу шилжүүлэн тавих ажлыг хийж байна.
 
Байгууламжийн доор ажиллахад харанхуй учраас гэрэлтүүлэг хэрэгтэй, мөн хүйтэн усанд орж ажиллахад усны гутал, цувтай ажиллаж байгаа учраас цоорох асуудал нэлээдгүй гарч байгаа учраас эдгээр асуудалд аймгийн Онцгой комиссын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат энэ үеэр хэллээ.
 
Боогдсон загасыг нууранд шилжүүлэн тавих энэхүү үйлсэд хүн хүч, ус татах помп, ковш техникээр Ш.Мягмарсүрэн захиралтай Найнга_ххк, н.Мөнхбат захиралтай Шүр Захын “Малчин” туслалцаа үзүүлжээ. Мөн Баянтүмэн сумын нутгийн иргэд тус үйл ажиллагаанд оролцож байгаа иргэдэд халуун хоол цайгаар тасралтгүй үйлчилж байгаа гэлээ. Нар жаргаж эрт бүрий болж байгаа учраас өнөөдрийн байдлаар аюулгүй байдлыг хангаж ажлыг түр зогсоож маргаашдаа багтаад загасыг нууранд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгана гэж тооцоолжээ.
Усжуулалтын байгууламжид хашигдсан загасыг нууранд нь шилжүүлэн тавих ажил хийгдэж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх