Сүүлийн үед нутагтаа сайхан амьдаръя гэсэн залуусын давалгаа хүч түрэн орж ирж байна. Манай аймагт л гэхэд яг энэ санааг бодит ажил хэрэг болгож, нутгаа сурталчилж, шинэлэг контентуудыг бүтээдэг “Агар” студийнхнийг Дорнод аймгийн маркетинг хийдэг гэж хүмүүс хэдийн ярих болсон. Ингээд “Агар” студийн захирал Н.Чинзоригтой хийсэн ярилцлагаа хүргэе.
САЙН БАЙНА УУ. АЖИЛ БҮТЭЭЛ ӨНДӨР ҮҮ?
Өдрийн мэнд. Тавлаг сайхан байна аа. Танай сайтын зочин болж оролцож байгаадаа баяртай байна.
ТАНАЙ НЭВТРҮҮЛЭГ, КОНТЕНТУУД ЗАЛУУСТ ИХ ХҮРДЭГ ШИГ САНАГДДАГ. ОДОО ЯМАР НЭВТРҮҮЛЭГ, ШИНЭ САНААТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА ДАА?
Ер нь одоо хүмүүс цахим орчноос их мэдээлэл авдаг болсон. Манайх ч цахим орчинд бүтээлүүдээ гаргаж байгаа учраас сошиал дахь хамгийн их хандалттай контентуудыг аймаг орон нутгийнхаа хөрсөн дээр буулгаж хийж эхэлсэн. Жишээ нь в-логууд, амьдрахад таатай хот, зөв байя гэх мэт цуврал шторкууд төлөвлөгөөний дагуу хийгддэг. Сүүлийн үед манай студид хандсан албан байгууллага, бизнес эрхлэгчдийн захиалгын видео реклам, клип, нэвтрүүлгийн ажлууд их байгаа учраас бас төдийлөн төлөвлөгөөний дагуу явж амжихгүй байгаа.
НЭЭРЭЭ Ч ЦАХИМ ОРЧИНД БИДНИЙ АЖИЛ, АМЬДРАЛ ӨРНӨДӨГ БОЛСОН ЦАГ. ТАНАЙ “ДОРНОД МЭДЭЭЛЛИЙН САН” ХУУДАС НЭЭГДЭЭД ЖИЛ ГАРАН БОЛСОН ГЭХЭД АЛЬ ХЭДИЙН ОЛОН ДАГАГЧТАЙ ХУУДСУУДЫН НЭГ БОЛСОН ХАРАГДСАН?
Хандалт сайтай. Бидний контентууд дээр нутаг минь сайхан шүү, нутагтаа очно оо, очиж амьдарна аа гэсэн сэтгэгдлүүд их ирдэг. Бид талархаж болох олон шалтгаан байхад муулалцаад бухимдаад байхаас илүү сайхан талыг нь анзаардаг байгаасай гэж бодож ажлуудаа хийдэг дээ.
ВЛОГ, МУКБАНГ ГЭХЧЛЭН ОРЧИН ҮЕИЙН, ШИНЭЛЭГ КОНТЕНТУУДЫГ ДОРНОДДОО ХИЙЖ ЭХЭЛСЭН. ЭВЛҮҮЛЭГ, ЗУРАГ АВАЛТУУД Ч ШИНЭЛЭГ ХАРАГДДАГ.
Ер нь одоо хоолны зураг аваад рекламдахаас илүү хүний идэх хүслийг төрүүлэх чухал. Аймаг орон нутгийн хөгжлийг бас тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний салбар ч харуулж байдаг учраас тэр тав тухтай орчин, үйлчилгээг харуулах нь дээр дурдсан аймгаа “гайхуулах” хүсэлтэй бас холбоотой. Эвлүүлэг, зураг авалтын хувьд бол манай студи хүний нөөцөө зөв сонгож бүрдүүлж чадсантай холбоотой байх.
СТУДИЙНХНЭЭ ТАНИЛЦУУЛААЧ. ХОЁУЛАА ШУУД Л АЖИЛ ЯРИАД ЭХЭЛЖ ШҮҮ ДЭЭ?
Манайх 6 хүний бүрэлдэхүүнтэй. Нягтлан Б.Батчимэг, Сэтгүүлч Э.Отгонтуяа, найруулагч Г.Түвшинжаргал, эвлүүлэгч Б.Энхсоргог, Зураглаач Б.Нямжав. Эрчүүд маань бол бүгдээрээ л зураг авна, график найруулга, эвлүүлэг бүгдийг нь л хийдэг. Орж ирсэн захиалгын ажлуудыг ч тэр, өөрсдийн төлөвлөгөөт ажлуудыг ч ганц ганцаараа хариуцаад дуусгах чадвартай. Орон нутагт ажиллах онцлог нь тэр юм даа.
“Дорнод гоё” гэж зүгээр нэг хэлээд өнгөрөх биш бодитоор харуулахыг зорьж байна
ТАНАЙ СТУДИЙН ОНЦЛОГ ЮУ ВЭ?
Бид зүгээр нэг “Дорнод гоё” гэж хэлээд өнгөрөх биш бодитоор харуулахыг зорьж байна. Энэ нутагт хүүхдүүд маань өсч торниж байгаа. Үзэж харж байгаа зүйлээр нь дамжуулж нутгаараа бахархан хайрлах сэтгэлийг төрүүлж, зөв сэтгэлгээтэй байхад нь бага ч гэсэн нөлөө үзүүлж чадаж байвал бид бүхний хэвлэл мэдээллийн салбарт ажилладгийн бас нэг үүрэг гэж ойлгодог. Бидний хувьд студи болж нийлсэн нь 1 жилийн өмнө болохоос хэвлэл мэдээллийн салбарт 5-10 жил ажилласан хүмүүс. Бүх төрлийн сэдвээр нэвтрүүлэг бэлтгэж үзсэн. Яаж хүргэхээ мэднэ. Ер нь хар бараан юм бэлтгэхгүйг л хичээдэг дээ.
ОРОН НУТАГТ ЗАХ ЗЭЭЛ ЖИЖИГ, ОРЛОГО БАГА ГЭЭД ОЛОН ЧАДВАРЛАГ ЗАЛУУС ХОТ ХҮРЭЭ ЯВЖ БАЙГАА ХАРАГДДАГ. ХАРИН ТАНАЙ ХАМТ ОЛОН ЭНДЭЭ АЖИЛЛАЖ, ЗАЛУУСЫГ ИРЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА. ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬД, ХӨГЖИХ БОЛОМЖИЙН ХУВЬД ХЭР БАЙНА?
Ер нь бүх зовлонгийн шалтгаан хүн өөрөө гэдгийг бодож явдаг. Аймагт ажиллаж амьдрах нь гэр бүлдээ гаргах цаг зав илүү, зах зээл нь сийрэг, сэтгэж чадвал боломж их бий. Чойбалсан хот шүү дээ. Надаар хэлүүлэлтгүй хүмүүс олон давуу талуудыг мэдэж байгаа байх.
ТЭГВЭЛ БЭРХШЭЭЛ НЬ ЮУ БАЙНА?
Манайх хэн нэгний захиалгаар нийлж студи болоогүй, хийж чаддаг зүйлээрээ л нэгдсэн залуус. Зөвхөн манайхыг зорьж ирсэн захиалгын дагуу ажил гүйцэтгэдэг. Хийсэн ажлаас хамаарч “тэр, энэ даргынх” гэсэн яриа сонсогдож байсан. Бид нар хувийн хэвшлээс эхлээд төрийн гэхчлэн бүх төрлийн байгууллагатай хамтарч ажиллаж байсан. Юм болгоныг хардаж боддог цаг үе ирчихлээ л дээ. Агар студи гэдэг бол ардаа даргагүй, ямар нэгэн хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч нууц эзэнгүй өөрсөддөө бий болгосон ажлын байр.
ХЭДЭН ЗАЛУУС БОР ЗҮРХЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЛ ТӨРӨХГҮЙ ХҮМҮҮС ОЛОН БАЙНА УУ?
Сонгуулийн өмнө ч дараа ч ажиллаж байсан, ажиллаж байгааг хараад ойлгоно шүү дээ. Харин хэл амтайг нь таглах гэж нэг ёсондоо хуцсан нохойд хоол өгч өөртөө дасгадаг шиг зарим хэвлэл мэдээллийн салбарынхан өөлж, муулж, харлуулж байж л анхаарал татаж ашиг олдог болсонд жоохон харамсаж явдаг даа.
ЦААШДАА ТӨЛӨВЛӨСӨН ЯМАР АЖЛУУД БАЙНА?
Манай студийнхэн олон талаар ярилцаж олон ажлууд төлөвлөсөн байгаа. Чойбалсан хотдоо өнгө нэмэх цаашлаад бидний хийдэг ажлыг ч олон хүнд хүргэх 3х4 хэмжээ бүхий 2 ширхэг LED дэлгэцийг оруулж ирээд одоо угсралтын ажил явагдаж байна. Видео контентийн хувьд ч бодсон олон ажил бий. Эрч хүчээр дүүрэн, чадварлаг, уран сэтгэмжтэй, ижил сонирхол, хүсэл мөрөөдөлтэй хүмүүстэй байхад хичнээн цагаар ч ярьж, хичнээн ч ажил сэтгэж суух сайхан байдаг. Удахгүй эхнээсээ харагдаад эхлэх байх даа.
ЗА АМЖИЛТ ХҮСЬЕ.
За, баярлалаа. Дорнодын залуусыг дэмжиж, танилцуулж байдаг та бүхнийхээ ажилд ч өндөр амжилтыг хүсье.
Н.ЧИНЗОРИГ-“Агар” бол залуусын өөрсөддөө бий болгосон ажлын байр | |
DornodToday.mn Facebook |