Хот хооронд, сумдын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарлаа

2020/02/21
Хот хооронд, сумдын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарлаа

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан шинэ төрлийн коронавирус /Covid-19 / халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын А/121 дүгээрЗахирамж  гарчээ.

Тус захирамжид 2020 оны 2 дугаар сарын 23-ний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл Чойбалсан хотоос нийслэл, хот хооронд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, харин аймгийн төвөөс сум руу, сумаас аймгийн төв рүү болон сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, төрийн албан хаагчдыг холбогдох баримтыг үндэслэн саадгүй нэвтрүүлэх юм.

Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хориглож, хязгаарласантай холбогдуулан хяналтын цэгт хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн хяналт шалгалтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

Шинийн нэгний өглөөний нар харах зорилгоор уул, овоонд очиж олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад Цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана.

Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд, жолооч та бүхэн баталгаагүй зам, замгүй газар, уул хадаар зорчиж өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг зөвлөж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэн замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгааг сэрэмжлүүлье.

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх төр засгийн шийдвэр гарсан учраас өргөн дэлгэр золголт хийхгүй байх, уул хаданд гарахгүй байхыг анхааруулж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хот хооронд, сумдын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарлаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх