Номын тэмдэглэл: “Шүгдэн”

2020/02/17
Номын тэмдэглэл: “Шүгдэн”

Ингээд та бүхэнд шинэхэн "Номын тэмдэглэл" булангаа хүргэж  байна. Энэ удаагийн номын тэмдэглэлийг "Оюуны түлхүүр" номын клубийн админ Э.Эрдэнэцогт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, орчуулагч Гун-Аажавын Аюурзанын "Шүгдэн" романы тэмдэглэлээ уншигч танд хүргэж байна.

Энэхүү номыг уншсан олон хүн сайн ном гэж хэлэхийг сонссон, зэрэгцээд нэлээдгүй хүн Түй, ёстой бузар, уншсанаасаа болж амьдралдаа сэв суулгачихлаа гэх нь холгүй халаглахыг сошиал орчинд харлаа. Гэвч авах, гээхийн ухаанаар Монгол шүүлтүүрээр ариутган тунгааж, уншихад юу нь буруу байхав. Манайхан бас тэгж байгаад сошиалд хэт параной хандах нь их болохоор дурдахгүй байж бас болохгүй юм.

Юутай ч, энэ зохиолыг уншаад эхлэхэд л сонирхол татсаар, зарим үед шар үс бостол жийрхүүлж, хүний амьдралын утга учрыг дахин нэг эргэцүүлэхэд хүргэдэг өөрийн гэсэн содон өгүүлэмжтэй, нэрээ дагаад ч тэр үү ямар нэг увидас шингэсэн мэт, уншигч нэгнийг шимтүүлсээр байгаад сүүлийн хуудастайгаа золгох ном.

Зохиолын хувьд ӨвөрМонголын Гүмбум хийдэд нэгэн залуу ламын аллагын хэрэг дээр ажиллахаар Сэржамц хэмээх цагдаа залуу албаны нохойтойгоо ирсэнээр үйл явдал эхлэх бөгөөд нас барсан ламын сүнсний хорогдсон дуудлагаар түүний нохой амьсгал хурааж, зохиол дахь үйлийн үрийн зангилаа эрчлэх аж. Зан заншил, үүх түүхийнхээ талаар өмнө нь тэгтлээ сонирхож яваагүй Сэржамцийн хувьд ихэд эгдүүцэн хүлээн авсан ч, аажмаар өөрийгөө олж нээх бөгөөд Хятадын нөлөөнд мартагдан уусаж буй Монгол угсааныхаа талаар улам мэдэхийг хүсч, цаашлан өөрийгөө Дундад хүн бус Монгол хүн юм гэдгээ бүрэн ухаарч, үйлийн үр гээч зүйлд итгэж байгааг харуулдаг нь өөрт ч, өрөөлд ч гай бололгүй амьдарч, хэдий өөрийгөө олоход ойрхон ч, нээж чадаагүй төөрөлдөж яваа олон хүмүүний төлөөлөл аж.

Зохиолд Монгол хийгээд ӨвөрМонголын харилцан шүтэлцээ, ӨвөрМонголчуудын Монголоо гэх сэтгэл, ёс заншлаа авч үлдэхийн төлөөх хатуу ширүүн тэмцэл зэргийг түүхэн явдал болоод зарим бодит хүмүүстэй холбон гаргаж ирсэн нь хэн бүхний сэтгэлийн гүнд орших Монгол тулгатны үзлийг товойлгон гаргасан явдал болж. Харин залуу ламтан Дарамбалаар хэдий эрдэм чадалтай ч, сахилаа мартсан, буруу замаар орсон лам нарыг төлөөлүүлсэн бөгөөд Буддын шашинтны хориотой гэгдэх Шүгдэн сахиусыг шүтэж байснаар харуулдгаас гадна зохиолд Молом тойны үлгэр, Чойжид дагинын тууж зэрэг алдарт зохиолууд дурдагдан орсон байх хийгээд үхэгсдийн судар гэгддэг Бардо тойдолын уншлагаас ч байдаг уншигчдыг жийрхүүлдэг байж болох юм. Гэхдээ ухаж харвал бас үгүй юм аа.

Дарамбал ламбугай эцсийн эцэст өөрийгөө буудан хорлосон байх бөгөөд үүний үйл эртнээс зангирсан байдаг. Өөрийн багын найздаа атаархаж явдаг тэрээр маш удаан үйлчилгээтэй Нага /наж?/ могойн хороор хордуулан найзыгаа үхэх нь тодорхой болох нь гэдгийг мэдээд амиа хорлодог. буддын шашны нэлээдгүй ном уншиж байхад амиа хорлолт гэдэг нь Буддын сур гаалиар бусдыг хорлоогүй гэдгээрээ хэдий нүгэлгүй боловч, амь тасалсан гэдгээрээ хилэнц үүрдэг. /Тэгж уншиж байсан санагдаж байна. Яг л энэ зарчмыг баримталсан Дарамбал найзыгаа аажим хорлож аваад, үхэхээс нь өмнө өөрийгөө хорлож байна.

Гэвч тэрээр үйлийн үр гээчийг тооцоогүй агаад үүнийх нь төлөөс болгож, шүтэж явсан Шүгдэн сахиус нь өөрийг нь 2000 жилд тамд тарчлаах шийтгэлийг оноож байгаагаар зохиол өрнөх аж. Зөвхөн эдгээрээс харахул, цаашид ч уншихад ч, зохиогчийн зүгээс олон уншигчдын хэлээд байдаг шиг Шүгдэнг сурталчилсан, эсхүл буруушаасан зүйл огт үгүй. Цагдаа Сэржамцийн амьдрал Шүгдэн сахиустай холбогдсон ч, өөрийгөө зөвөөр нээж, харан цааш явж байна. Тэгэхлээр Г.Аюурзана зохиолч энэ бүтээлээрээ хамгийн гол нь үйлийн үрийн тухай тайлбарлахыг хичээсэн, юу тарина түүнийгээ хүртэнэ гэсэн санааг л таниулахыг хичээсэн болов уу.

Энэхүү номыг уншиж дуусгах үед "Буруу амьдарвал бурхны зам ч тамд хүргэж, Зөв амьдарвал чөтгөрийн зам ч диваажинд хүргэж болох" хэмээх нэгэн үг байдаг нь санагдаж авай. Эрхэм уншигч та энэхүү номыг уншиж ойлгохыг хүсвэл Судасны чимээ, Хар цагаан улаан хэмээх романуудыг хамтад нь уншаарай гэж зөвлөе.

Ямар нэгэн сэжмээр холбогдсон дээрх номнууд нэг зүйлийг өгүүлэх вий. Ер нь зохиолч Г.Аюурзана аливаа бүтээл туурвихдаа судалгааны ажлаа маш гүн ухаж төнхөж хийхээс гадна зохиолуудаа хооронд нь холбох сэжмийг давхар тооцож өгдөг нь ихээхэн онцлогтой бөгөөд чамгүй чадварлаг зохиолч болохыг нь гэрчилнэ. Тийм ч учраас түүний зохиол нэлээд чамбай, бусдын хэлдгээр мөлжүүртэй, үлдэцтэй байдаг болов уу гэж сонирхон уншигчийн үүднээс дүгнэж байна.

“Оюуны түлхүүр” номын клуын админ Э.Эрдэнэцогт

 

 

Номын тэмдэглэл: “Шүгдэн”  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх