М.БАДАМСҮРЭН: Хилчдийн ар гэр, үр хүүхдэд чиглэсэн онцгой бодлого байх ёстой гэж би боддог

2020/01/29
М.БАДАМСҮРЭН: Хилчдийн ар гэр, үр хүүхдэд чиглэсэн онцгой бодлого байх ёстой гэж би боддог

"Энхийн манаа" сонинд Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга М.Бадамсүрэнгийн өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.. Тэрбээр хилчид болоод орон нутгийн үйл ажиллагааг хэрхэн уялдуулан ажиллаж байгаа талаар ярилцсан юм.

-Сайн өвөлжиж байна уу? Юуны өмнө Дорнодын хилчдийн чин сэтгэлийн талархлыг дайхын ялдамд цаг зав гаргасанд баярлалаа?

-Тавтай сайхан өвөлжиж байна уу, та бүхэн. Он гарсаар хамгийн эхний ярилцлагаа хилчдийн сонинд өгч байгаад олзуурхаж байна. Танай байгууллагыг уламжлалаа сайн хадгалдаг юм болов уу гэж хардаг. Ялангуяа олон нийттэй харилцах чиглэлд энэ уламжлалаа түлхүү бариад байх шиг. Нийт хилчдэд Дорнодчуудынхаа нэрийн өмнөөс шинэ оны мэндийг хүргэе. Та бүхэн 2020 онд ихийг хийж бүтээгээрэй. Наран ургах нутгаас Монголын өглөө эхэлдэг. Тиймээс ч Дорнод нутгийн зон олон Монголын сайн сайхан энэ нутгаас эхэлдэг гэж билэгшээдэг.

-Өнгөрсөн жил Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой тохиож Дорнод аймаг олны хөл ихтэйн зэрэгцээ томоохон арга хэмжээнүүдийн ард гарсан?

-Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой 2019 онд тохиолоо. Энэ ой Дорнод аймгийн төдийгүй Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөн арга хэмжээ болсон. Энэ онд чөлөөлөх дайны 75 жилийн ой тохиож байгаа. Чөлөөлөх дайны хувь нэмрийг чухалчилж үзэх хэрэгтэй. Азийг чөлөөлсөн ариун дайн шүү дээ. Эзлэн түрэмгийлэх биш чөлөөлсөн гэдэг утгаараа ариун гэж тодотгож байгаа юм. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд хүүхэд, залууст цэрэг, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Үүнд хоёр чухал хүчин зүйл бий. Нэгдүгээрт, төрийн албан хаагчид ямар үнээр энэ улс бүрэлдсэн, тусгаар тогтнолын үнэ цэнэ, баатар хөвгүүд эх орныхоо төлөө хэрхэн амиа өргөснийг мэддэг байх хэрэгтэй. Тэгж байж үнэт зүйл бүрэлдэнэ. Хоёрдугаарт, төрийн албаны тэр дундаа цэргийн байгууллагын захирах захирагдах ёс, гүйцэтгэх хурд, хариуцлага хүлээх чадвар, эргэж мэдээлэх чанар маш өндөр. Энгийн ард иргэд, төрийн алба хаагчид цэргийн алба хаагчдын эдгээр соёлоос суралцаасай гэж хүсдэг. Энэ соёл гэхүү уламжлалыг бодлогын хувьд бусдад түгээмээр санагддаг юм. Таны ярианы чигийг өөр тийш хандуулчихав уу даа.

-Хил хамгаалах байгууллага сургуулиудад хилийн танхимыг бий болгох замаар хилч, эх оронч үзлийг сурагчдад түгээн дэлгэрүүлдэг. Хугацаат цэргийн алба хаасан залуус цэргийн албаны үнэ цэнийг насан туршдаа мартахааргүй мэдэрч халагддаг. Хил хамгаалалтад туслах хүчний гишүүдтэй хамтран ажиллах зэргээр таны хэлсэнчлэн нийгмийн олон бүлэгт цэрэг, эх оронч, хилч үзлийг чиглүүлэхэд анхаарч ажилладаг?

-Санал нэг байна. Хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхлэн эх оронч хүмүүжлийг суулгах хэрэгтэй. Эх хэлээ сурахтай агаар нэгэн. Том болж төлөвшсөн хойно нь энэ үнэ цэнийг суулгана гэдэг амаргүй. Боловсролын, нийгмийн чиглэлийн олон байгууллага хамтран бодлого гаргах хэрэгтэй. Манай аймаг энэ жил эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд нөлөөллийн олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Судалгаагаар Дорнод аймгийнхан эх орон, тусгаар тогтнол, хил хязгаарын талаар илүү ойлголттой болох нь харагддаг. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг онцгой. Дэлхийн олон улс оронд цэргийн алба үнэ хүндтэй байдаг. Тухайлбал, Өмнөд Солонгост "од"-ууд нь цэргийн алба хаадаг бол АНУ-д цэргийн алба хаагч тэтгэвэрт гарахад илүү хангамж эдлэх жишээтэй. Амь насаа эрсдэлд оруулан цэргийн алба хааж байгаагийн хувьд тусгай хангамж баталгааг эдлэх л хэрэгтэй.

-Танай аймаг онцлогтой. Тухайлбал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хилийн дөрвөн ч ангитай учраас төсвийн хуваарилалт нарийн хийгддэг байх?

-ХХТХЗ-ийн хурлыг нэгдүгээр сард зохион байгуулна. Туслах хүчний гишүүдээ сумдаас цуглуулна, шагнаж урамшуулна. Таны хэлсэнчлэн манай аймаг олон хилийн ангитай гэдгээрээ онцлогтой. Тиймээс эдгээр онцгой чиглэлд адилхан анхаарч ажиллахыг эрмэлздэг. Орон нутаг тодорхой хэмжээнд тусалж байгаа ч батлан хамгаалах, хил хамгаалах алба гэдэг төрийн цэргийн тусгай салбар учраас засгийн газраас онцгойлон авч үзэх хэрэгтэй.

-Хилчидтэй та эртний танил гэж ярианы эхэнд өгүүлсэн?

-Миний бие хилчдийн эрхэм төлөөлөл болох Д.Базарсад генералаар хилчдийг сайн танина. Хошууч генерал Ш.Лхачинжавтай хамт 2009 онд Соёлз уулан дээр гарч байлаа. Анхны зохион байгуулалттай морин аялалд хамт оролцсон юм. Хурандаа О.Батгэрэл уг аялалд хамт явсан. Тэр аян Монгол Улсын дөрвөн захын цэг дээр гарах зорилт анх тавьсан байсан юм. Харамсалтай нь цааш үргэлжлүүлж чадаагүй. Эх орныхоо захын цэгт хүрнэ гэдэг амаргүй даваа байдаг юм билээ. Гэхдээ хил гэдэг аргагүй л сэтгэлд нэгийг бодогдуулна шүү. Хилчдийн амьдралыг би гайгүй сайн мэднэ. Учир нь миний бие Дорнод аймгийн Халхгол сумд төрж, өссөн. Манай аав тус сумын засаг даргаар ажиллаж байсан, одоо “Ялалт” музейн захирлаар ажилладаг Л.Мягмарсүрэн гэж хүн бий. Түүхийн өлгий болсон энэ сайхан нутагт төрж, өссөн болохоор эх орон, хил хязгаар нутгийн үнэ цэнийг илүүтэй мэддэг гэхүү дээ.

-Та Мягмарсүрэн ахын хүү юм уу. Хилчдэд ойр, түшигтэй, мэдлэгтэй сайхан буурлыг танилгүй яахав?

-Тийм ээ. Халхын голын дайн болсон тэр ариун хөрс шороон дээр тоглож өссөн. Гэр бүлийн суурь хүмүүжил их чухал. Манай аав маш их ном уншдаг хүн. Ааваасаа сонссон, суралцсан зүйл их бий. Манай хүргэн ах насаараа Хилийн цэрэгт ажилласан хүн. Хүү нь удам залган Хилийн 0198 дугаар ангийн дугаар салбарын орлогчоор одоо ажиллаж байна.

-Хилийн сумын хүүгийн хувьд хилчдийн талаар ойрхон таньж мэдэж өсчээ. Тэгвэл төрийн хүн болсоор хил хамгаалах албатай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед хилчдийн ажиллаж, амьдрах хууль эрх зүйн орчин, ахуй хангамж сайжирсныг бодитойгоор харж мэдэрч байгаа. Тухайлбал, Буйр нуурын усан хил хамгаалалт  хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил өрнүүллээ. 2019 онд Буйр нуурын усан зогсоолын нээлтийн арга хэмжээнд миний бие оролцсон. Хилийн 0198 дугаар анги олон дайн тулгаралтад хувь нэмрээ оруулсан гавьяатай. 2019 онд тус ангийн гавьяаг төр засгаас үнэлсэн. Эдгээр түүхээс хилчид ихээхэн туршлагатай, чадварлаг байсан нь харагддаг. Ер нь хамгийн хүнд үед хилчид л анхлан тулгардаг.  Хилийн 0306 дугаар анги төв суурингаас алслагдсан. Олон жил тог цахилгаангүй байсан. 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус ангид очихдоо нэн тулгамдсан дээрх асуудлыг шийдвэрлэсэн. Дорнод бүсийн эрчим хүчний систем жилдээ 2-3 тэрбум төгрөгний ашигтай ажилладаг. Тус төрийн өмчит компани богино хугацаанд эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Энэ мэтчилэн хилийн ангиуд руу чиглэгдсэн томоохон ажлууд бий. Цаашид ч хийгдэх нь тодорхой. Гурван гүний худаг гаргаж өгсөн. Хөгжим хэрэгслийг нь шинэчлэн дэмжиж тусалж байна. Ер нь манай хилчид ихийг хүсээд байдаггүй. Нэг удаа загас барьж өгөх биш барих аргыг нь зааж өгөх нь ч миний зарчим.

-Эрчим хүчний гачаалалгүй байна гэдэг асар том давуу тал болохыг Хилийн 0306 дугаар ангийн үйл ажиллагаа, хөгжлөөс хилчид бид олж харж байгаа шүү?

-Хилийн 0306 дугаар ангийн хамт олон Хил хамгаалах байгууллагын 2019 оны тэргүүний анги болсон байна билээ. Одоо харин сургууль, цэцэрлэгийн асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэй. Хилийн ангиудын зарим салбарын барилга байгууламж хуучирч муудсан байна. Мэдээж шинэчлэн засварлаж л байгаа байх. Хилийн салбаруудыг хөдөөгийн нөхцөлд тохирсон илүү дулаанаа хадгалах чадвартай, халаалтын систем нь боловсронгуй байх шинэ зураг төсөл гаргах ёстой байх. Хилийн салбар ямар байх ёстойг харуулсан жишиг тогтоох хэрэгтэй. Айл бүр тус тусдаа галладаг байх уу, Халх голын шинэ сум төсөл шиг тодорхой нэгдсэн системтэй байх уу гээд урт хугацааны цогц шийдэл хэрэгтэй. Гэхдээ нэг аймаг, нэг байгууллагын төсвөөр ингэж жигдэлж чадахгүй. Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй юм. Энгийн жишээ гэхэд хилийн салбарууд холоос түлээ түлшээ зөөвөрлөдөг учраас зардал их гардаг. Хилчдийн ахуй хангамж талаас нь шийдэл гарц эрэх хэрэгтэй юм болов уу гэж хардаг. Ер нь хүний хөгжлөөс бүх зүйл эхлэлтэй.

-Нийгмийн хөгжлийг хилийн сумдад, хилийн анги, салбар, харуулд хүргэхийн тулд бодит ямар ажил хийж хэрэгжүүлэх ёстой гэж та удирдах түвшний хүний хувьд хардаг бол?

-Хилчдийн ар гэр ажлын байраар хангагдсан, хүүхдүүдийнх нь сурч хүмүүжих орчин нөхцөл бүрэлдсэн байх их чухал. Ялангуяа хилийн салбарууд алслагдсан учраас хөгжлөөс тасрах ёсгүй. Залуус хилийн салбарт томилогдон гэр бүлээ дагуулаад очиход нийгмийн асуудал нь шийдэгдсэн, баталгаатай орчин нөхцөл тэднийг угтдаг байгаасай гэж хүсдэг. Дорнод аймаг “Багийн бага сургууль” төслийг энэ оноос эхлүүлж байна. Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд зургаан настай элсэх болсноор малчдад хүндрэл учрах болсон. Өмнө нь хүүхэд найман настай сургуульд ороход харьцангуй биеэ даачихсан, ах эгчтэйгээ дотуур байранд амьдардаг байлаа. Гэтэл одоогийн зургаан настнууд дотуур байранд болоод айлд бие дааж амьдрах чадамжгүй. Тиймээс ч гэр бүлийн нэг нь хүүхдээ сургахын тулд төв газар бараадаж, аав нь малаа маллаад үлдэх жишиг орон нутагт их бий. Хөгшчүүл хүүхэд дааганы давхилтаас холгүй сургуульдаа явах ёстой гэж ярьдаг шүү дээ. Энэ нь арав орчим км газар гэсэн үг. Хил, уул уурхай гээд зах хязгаар нутагт ажиллаж байгаа ард иргэдийн үр хүүхдийн боловсролын асуудалд онцгойлон анхаарах хэрэгтэй. Ер нь хүүхэд гэр бүлдээ өсөж торних ёстой. Тиймээс ч хилчдийн ар гэр, үр хүүхдэд чиглэсэн онцгой бодлого байх ёстой гэж би боддог. Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших асуудал учир дутагдалтай байгааг удирдлагын зүгээс хөндсөөр ирсэн. Улмаар нийт 40 сая орчим төгрөгийг хилчдийн хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийгээд байна. Миний муугийнх байх. Дөнгөж ажлаа аваад хилийн сумын засаг дарга нарыг дагуулаад хилийн дагуу явж хилчдийнхээ ажил үйлстэй ойр танилцья гэж төлөвлөсөн ч завдаагүй л явна. Ингэснээр сум орон нутгийн удирдлага илүүтэй хилчдийн ахуй амьдралыг ойлгох юм. Төр засгийн үүрэг гэхээс илүүтэйгээр тухайн аймаг, сум, орон нутгийн иргэн хүний нүдээр асуудлыг олж хараасай гэж хүсдэг. Аль хэсэгт мөр хянах зурвас татах, хилчдийн амьдрал ахуйд юу тулгамдаж байгааг бодитоор олж хармаар юм билээ. Гэхдээ удахгүй хилээр явахаар төлөвлөж байна. Өвөл явахгүй бол зарим хэсгээр гол ус хаачихдаг. Манай хариуцсан хилийн хэсэг их урт. Ер нь хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, нутгийн ард иргэд, малчдын оролцоо их чухал. Цаашид улсын хил хамгаалалтын механик үйл ажиллагааг аль болох багасгаж орчин үеийн техник технологийн хөгжлийг түлхүү ашиглах хэрэгтэй гэж боддог.

-Дорнод манай улсын томоохон аймгуудын нэг. Тиймээс хэтийн хөгжлийн бодлогыг аймгийн даргын хувьд хэрхэн зурж, төлөвлөж байна?

-Би дээр хэлсэн. Нэгдүгээрт хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил гээд хүнтэй хамаарах олон асуудлыг энд ярьж болно. Хүний хөгжлийн индексээр манай аймаг улсдаа Орхон аймгийн дараа хоёрдугаар байрт ордог. Үүнд хүн амын боловсрол, эрүүл мэнд, дундаж наслалт, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг үзүүлэлтийг голчилдог. Статистик үзүүлэлт худлаа хэлдэггүй. Манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн арав гаруй хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байгаа. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн ч ядуурлын түвшин анхаарал татсан хэвээр байна. Энэ нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс улс ихээхэн хэмжээний ашиг олж байгаа ч цаашид үйлдвэр байгуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх шаардлага байгаа нь тоон үзүүлэлтээс харагддаг. Дорнод аймгийн төвд хүн амын 60 орчим хувь нь амьдардаг. Зах зээлийн үед олон үйлдвэр хаалгаа барьснаас ажилгүйчүүдийн тоо эрс өссөн. Бусад аймгууд уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлж ирсэн байдаг бол манай аймаг 2,7 сая толгой буюу харьцангуй бага малтай. Худалдаа, аж үйлдвэрлэлд илүү суурилж ирсэн. Энэ мэт онцлог манай аймагт олон бий. Газрын доорх болон дээрх баялаг ихтэй, газар зүйн байрлалын хувьд давуу талтай. Дэд бүтцийн асар өргөн ирээдүйтэй. Хүн ам 80 мянга гаруй. Гэхдээ дорнодчууд ажлын байр алга гэхээсээ илүүтэй хийж бүтээхийн төлөө, хөдөлмөрлөхийн төлөө зорьдог. Монгол төрийн боловсон хүчин ухаантай байх хэрэгтэй гэж боддог. Хэн нэгний гарыг харж, бусдад буруу өгөх шаардлагагүй. Өөрсдөө хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Аливаа ажил урагшлахын гол хөшүүргийг сэтгэл зүтгэл гэж та хэлж байна уу?

-Чин сэтгэл. Төрийн албан хаагч чин шударгаар ажиллах хэрэгтэй. Ажилдаа эзэн, мэдлэг чадвартай байх нь зүйн хэрэг. Хамтарч ажиллах чадвар ч чухал. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлдэгчлэн монгол төрөөс их зүйл шалтгаална гэдэг үнэн. Төрийн байгууллагаас улс эх орны хөгжил шалтгаална. Хөгжсөн орны хөгжлийн гарц нь хүн өөрөө байсаар ирсэн.

-Өөр нэг анхаарал татсан асуудал бол Дорнодын чиглэлд ой, хээрийн түймэр хавар, намрын улиралд их гардаг. Хэрхэн урьдчилан сэргийлж ажиллаж байна вэ?

-Хилийн дагуу түймрээс хамгаалах, мөр хянах зурвас татаж арчлалтын мөнгийг жил бүрийн төсөвт байгаль хамгаалах зардалдаа тусгасаар ирсэн. Түймрийг барьж дийлэхгүй байдаг үе байсан. Энэ нь өвс ургамал багассан мөн урьдчилан сэргийлэх ажил сайн хийгдэх болсонтой холбоотой. Өнгөрсөн жил манай аймаг түймрийн шатахуун, томилолтын шууд зардалд 20 сая хүрэхгүй мөнгө зарцууллаа. Засаг даргын нөөцийн сангийн ихэнх хувийг түймэр унтраахад зарцуулдаг байсан үе бидэнд бий. Хавар, намрын хуурайшилттай цагт эргүүл ихээр гаргаж, үүргээ сайн гүйцэтгэснээр бид маш бага зардлаар их хохирлоос, эрсдлээс тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлж чадаж байна. Хүний өвчин ч гэсэн урьдчилан сэргийлэх асуудал чухал. Хилчдийн эрүүл мэндэд анхаарч явуулын хөдөлгөөнт эмнэлэг ажиллуулж байгаа. Цаашид тогтмол хугацаанд чанаржуулах зорилт тавьж байна. Манай аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа олон төсөлт хөтөлбөрүүд хүндээ хүрсэн, тогтворжсон гэж хэлж болно.

М.БАДАМСҮРЭН: Хилчдийн ар гэр, үр хүүхдэд чиглэсэн онцгой бодлого байх ёстой гэж би боддог  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх