12. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Т.Солонго "Цаг уурч гэдэг мэргэжил байнга өсөж дэвшиж байхыг шаарддаг онцлогтой мэргэжил. Дэлхий нийттэй хөл нийлүүлж алхах ёстой байдаг"

2020/01/15

Dornod.today мэдээллийн сайтын “ӨНӨӨДРИЙН ӨНГӨ” буланд шинэ оны эхний зочноор ажлынхаа үр дүнг өдөр бүр олон нийтэд шалгуулж байдаг цаг уурч мэргэжилтэй, мөн номонд дурлагч нэгэн бүсгүйг урьж оролцууллаа. Энэ хүн бол аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн, цаг уурч Т.Солонго юм. Ингээд түүний амьдралын хэв маяг, сонирхолыг манай 8 асуултын хариултаас сонирхоорой.

Овог нэр: Түдэв Солонго

Мэргэжил: Цаг уурын инженер

Эрхэлдэг ажил: Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн, Цаг уурч /“Оюуны түлхүүр” номын клубийн админ/

Сошиал хаяг: Т.Солонго  /фэйсбүүк/

  1. ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ, ӨДРИЙГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Цаг уурч мэргэжилтэй холбоотой ч юмуу хүйтний улиралд 6 цагт, дулааны улиралд Хэрлэн гол руу гүйж дасгал хийдэг учраас 5 цагт босдог. Тухайн өдрийн ажлыг урьд орой нь төлөвлөж албаны ажил ба хувийн ажил гэсэн 2 баганад жагсаан, ажлын гүйцэтгэлээ чек хийж хянадаг юм. Тухайн өдрийн 1 зүйлийг онцлон аз жаргал гэсэн ягаан өнгөөр бичиж өөрийгөө урамшуулдаг даа.

  1. ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОГ, ӨНӨӨДӨР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ЮУ БАЙНА?

Сонгосон ажил мэргэжил бүхэн өөр өөрийн онцлогтой. Цаг агаарын тааламжтай болон тааламжгүй байдал хүний ажил үйлс, хувцаслалт, сэтгэл санаа бүүр цаашлаад хоол унданд хүртэл нөлөөлдөг нь миний мэргэжлийн онцлог юмуу даа.

Сумдын цаг уурын техникч нарт онлайн сургалтын хичээлээ бэлдэж, ажлын хаяган дээр байршуулна. Фэйсбүүк орчинд Дорнод аймгийн ирэх 3 өдрийн цаг агаарын мэдээллийг сонирхолтой хэлбэрээр тэмдэглэж оруулах, эмэгтэйчүүдийн болон номын клубынхээ энэ сарын уулзалтын төлөвлөгөөг гаргах ажилтай байна даа.

  1. АЖЛЫН ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА, УРАМ ЗОРИГ ЮУНААС АВДАГ ВЭ?

Ажлын эрч хүчийг баг хамт олон үйлчлүүлэгч албан байгууллага, иргэдээсээ авдаг даа, Шинэ санааг идэвхтэй манлайлагч хүмүүсээс болон тэдний  фэйсбүүк, инстаграмыг дагаж тэднээс цаг ямагт суралцахыг хичээдэг.

Урам зоригийг цаг агаарын мэдээ мэдээллийг өдөр тутам хүлээн авч амьдралдаа хэрэгжүүлдэг иргэд болон "Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд", "Дорнодын ээжүүд" грүппийнхнээсээ авдаг даа.

  1. ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?   

Бүхий л зүйлийг сайн хийх гэж хичээдэг. Хамгийн сайн хийж чаддаг зүйл номын тэмдэглэл бичихдээ  их сайн юм шиг байгаа юм.

  1. СҮҮЛИЙН ҮЕД ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?

2020 он гарснаар мэргэжлийн дагуу Цаг агаарын мэдээ мэдээллийг ArcGIS 2d хэлбэрээр гаргахын тулд суралцаж байна даа. Хоббидоо хөтлөгдөөд видео Vlog хөтлөлт хийхэд төвлөрч байна.

  1. ГАР УТАС ДЭЭР ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АППЮУ ВЭ?

Ажлын онцлогын дагуу www.tsag-agaaar.gov.mn сайт дээр, хувийнхаа хэрэгцээнд фэйсбүүк инстаграм , М+ подкаст апп тогтмол ашиглаж байна.

  1. ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ?

“Оюуны түлхүүр” номын клуб фэйсбүүк группын админы ажлыг сонирхолын дагуу хийдэг тул сардаа 2-3 ном уншдаг.  Саяхан л гэхэд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Жаргалсайханы “Чингис хааны нууц түүхүүд” 1,2 боть уншиж дууссан. Одоо Коуч  Б.Гэрэлчимэгийн  / Зуугий / 2019оны 12сард хэвлэлтээс гарсан ”Мөрөөдөх эрх” номыг уншиж өглөө  6цагаас эхлэх 11 хоногийн онлайн хөтөлбөрт нь хамрагдаж байгаа.

Хүн ном уншсаныхаа хэрээр илүү холыг хардаг гэдэг сургааль үгтэй санаа нийлдэг тул Дорнод аймагтаа “Оюуны түлхүүр” номын фэйс клубыг залуучуудтайгаа нийлэн үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулаад ажиллаж байна. Манай номын клубт гишүүнээр элсэхэд  нас, хүйс, мэргэжил огт харгалздаггүй, улс төрийн нам эвсэл болон  шашин шүтлэгээс ангид байдаг нь хүмүүс маш их таалагдан бидний үйл ажиллагааг дэмжиж байгаад нь их баяртай байдаг.

Бид бүгд л хэн нэгний дурсамжыг бүтээгч байдаг тул номоор дамжуулан нэг нэгэндээ нөлөөлөх, эерэг дурсамжыг бүтээлцэх мөн зорилтготой амьдрахын эхлэлийг тавьж өгөхийг хичээдэгээрээ бусад клубээсээ ялгагдах онцлог нь юмуу даа.

Номны үнэ ханш бусад бараа бүтээгдэхүүнийг бодвол оюуны бүтээл гэдгээр ялгагдах тул харьцангуй өндөр байдаг, иймээс номын клубынхээ хажууд сүүлийн үеийн эрэлт ихтэй номнуудыг түрээслэх зарчмаар байгаль орчиндоо ээлтэй минималь хэвшлийг дэмжих үүднээс ажлуулдаг байгаа. Үүгээрээ ч номын цаасанд хэрэглэгдэх модыг хайрлаж байгаа гэсэн үг юм.

  1. СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА?

Сүүлийн үед   дуучин Seal-ийн дууг сонсож байгаа. Stand by me дуунд хамгийн их дуртай даа.

 

12. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Т.Солонго "Цаг уурч гэдэг мэргэжил байнга өсөж дэвшиж байхыг шаарддаг онцлогтой мэргэжил. Дэлхий нийттэй хөл нийлүүлж алхах ёстой байдаг"  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх