Дорнод аймгийн 4 телевиз нэгдэн, хамтарч ажиллахаар болжээ

2020/01/15
Дорнод аймгийн 4 телевиз нэгдэн, хамтарч ажиллахаар болжээ

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй ТВ6, Мижи, Дорнод, D1 телевизүүд нэгдэж, хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зуржээ.  Тэд хамтран ажилласнаар томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтарч оролцох, нэгдсэн үнийн бодлогыг бий болгох, тус салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах, рекламын өдрийн үнэлгээг халж секундийн системд шилжиж байгаагаараа онцлогтой гэв. Уг санамж бичгийг байгуулж хамтран ажилласнаар медиа салбарын хөгжил тодорхой түвшинд очно гэдгийг хэллээ. Энэ талаар телевизүүдийн захирлуудаас тодрууллаа.

"D1" телевизийн захирал Н.Оюунбаатар

Орон нутгийн дөрвөн телевиз хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зуржээ. Нэгдлийн ач холбогдол нь юу вэ?

Өнгөрсөн хугацаанд манай орон нутгийн телевизүүд нэгдэл гэдэг асуудал дээр тийм ч амжилттай байгаагүй. Нэгдэнэ гэдэг нь нийлж нэг телевиз болно гэсэн үг биш. Харин бидний  өмнө тулгарч байдаг олон асуудал тэр тусмаа Иргэдийн мэдэх эрхийн төлөө, контентийн хөгжлийн хамтралыг бий болгож байгаа хэрэг. Олон телевиз тус тусдаа төрөл бүрийн контент хийхийн оронд нийлээд чанартай том контентуудыг хийж байя гэсэн санаачилгыг гаргаж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр иргэдэд хөшигний ард байдаг мэдээллийг мэдэх боломж бүрдүүлэх, цаашдаа улсын чанартай контент бүтээх бүх боломжоо дайчилна гэсэн үг. Хамтрал бол хөгжлийн эхлэл. Миний хувьд тун баяртай байгаа.

"Дорнод" телевизийн гүйцэтгэх захирал Ц.Энхболор  

Хамтран ажиллах санамж бичигт ямар заалтууд тусгагдсан бэ?                       

Өв уламжлал, эрүүл мэнд, танин мэдэхүйн контентийг хамтран бүтээх, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтарч оролцох, нэгдсэн үнийн бодлогыг бий болгох зэрэг заалтууд тусгагдсан байгаа. Үнийн хувьд нэгдсэн бодлоготой байна гэдэг нь олон жил нэгдмэл биш байснаас болж орон нутгийн телевизийн үнэлгээ буурсан. Өнгөрсөн хугацаанд инфляц болон үнийн өсөлт ямар болсныг бүгд мэдэж байгаа.  Мөн хамгийн чухал заалт бол рекламын өдрийн үнэлгээг халж секундийн системд шилжиж байгаагаараа онцлогтой.  Энэ нь телевизүүдийн стандартын хангасан үнэлгээний системд шилжиж байна гэсэн үг юм. Энэ нь үйлчлүүлэгчдэд өөрөө зар сурталчилгаагаа ямар цагаар хэдэн удаа явуулах сонголтыг нь бий болгосон гэж ойлгож болно. Мөн харилцан туршлага солилцох, нэг талд тулгарч буй асуудлыг шийдэх, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох зэрэг заалтууд орсон байгаа.

"Мижи" телевизийн гүйцэтгэх захирал Д.Одгэрэл

Нэгдлийн  цаашдийн зорилт, хийх ажлынхаа тухай дурдахгүй юу?                       

Орон нутгийн 4 телевиз нэгдсэнээрээ бид зах зээлийнхээ бодит үнэмлэмжийг тогтооно. Ингэснээр иргэд, аж ахуй нэгж байгууллага нь бодит үнэлгээгээр өөрсдийн зар сурталчилгаа, нэвтрүүлэг бусад төрлийн телевизийн контентоо үзэгчдэд хүргэх боломж олдоно.

Мөн 4 телевиз 7 хоног бүрийн хөтөлбөрөө манай аймагт хэвлэгддэг шуурхай зар сонинд иргэдэд нээлттэйгээр байнгын байршуулж байхаар болсон.

Мөн тодорхой хугацааны давтамжтайгаар цаг үетэй холбоотой чанартай иргэдийн хэрэгцээнд тулгуурласан контент нэвтрүүлгийг хамтарч хийж хүргэхээр бас зорьж байгаа зэрэг ажлуудаар нэгдлийн маань ажил эхэлж байна.

"ТВ6" телевизийн гүйцэтгэх захирал Д.Одонгоо

Ирээдүйд гарах үр дүнг юу гэж харж байгаа вэ?             

Бид маш том үр дүнг төсөөлж мөн хүлээж байна. Бидний хувьд аймгийн төвийн болон хөдөөгийн сумдын бүх иргэдэд цэнхэр дэлгэцээр мэдээллийг шуурхай хүргэж байгаа нь маш том дэвшилт юм. Манай 4 телевиз нэгдэж чадсанаар бүх нийтийг соён гэгээрүүлэх контент, нэвтрүүлгийг чанарын өндөр түвшинд бэлтгэн түгээх боломж бий болж , алсдаа гарах эерэг үр дүн хэмжишгүй үнэ цэнэтэй гэж ойлгож байгаа. Мөн нэг чухал зүйл бол энэ салбарт ажил амьдарлаа зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа ажилтнуудын ажлын бүтээмж дээшилж, түүнийгээ дагаад амьжиргаагаа нэмэгдүүлэх үүд хаалга нээгдэж байгаад туйлын баяртай байна. Энэ 2 хүчин зүйл бодлогын түвшинд тэнцвэртэй дэвшиснээр салбарын хөгжил тодорхой түвшинд очно гэж бид үзэж байна.

Дорнод аймгийн 4 телевиз нэгдэн, хамтарч ажиллахаар болжээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх