Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг ТҮР хаах шийдвэр гарлаа

2020/01/07
Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг ТҮР хаах шийдвэр гарлаа

Аймгийн төвд томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн 7 хоногт огцом нэмэгдэж амбулаторийн нийт үзлэгийн 16,8 хувьд, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18,1 хувийг эзлэж байгаа тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журамд заасны дагуу сургуулийн амралтыг сунгаж, цэцэрлэгийг түр хаах тухай Хэрлэн сумын Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжид Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 17-ны өдрийг дуустал түр хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ.

Нийт томуугаар өвчлөгсдийн 18.8 хувь нь 1 нас хүртлэх, 58.8 хувь нь 1-4 насны хүүхдүүд эзэлж байна. Энэхүү Захирамж зөвхөн аймгийн төв Хэрлэн сумын хэмжээнд хэрэгжих юм. Мөн албан байгууллагын дарга, эрхлэгч нарт өвчтэй хүүхдээ асарч хамгаалах боломжийг олгож ажилтан албан хаагчиддаа чөлөө зөвшөөрөл олгож зохицуулалт хийж ажиллахыг үүрэг болгожээ.

БОЭТ-ийн вирус лабораторийн шинжилгээгээр В хүрээний болон короно, рино, энтер вирус илэрч байгаа тул бага насны маш хурдан хугацаанд хатгаагаар хүндэрч байна. Иймд эцэг эхчүүд хүүхдээ томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа өрхийн эрүүл мэндийн төвд болон БОЭТ- ийн хүүхдийн эмчид хандан, аль болох гэрт нь эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, илчлэг аминдэмтэй хоол өгөх, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэх зэрэг зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг ТҮР хаах шийдвэр гарлаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх