11. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Б.ТУЛГА "Мянган шинэ санаа байгаад хэн нэгний асуудлыг шийдвэрлэхгүй бол тэр санаа ажил хэрэг болж чадахгүй"

2019/12/18

Ажил, амьдрал, баяр хөөр цалгисан энэ өдрүүдэд 12 дугаар сарынхаа ээлжит зочноор Монголын мэдээлэл технологийн салбарын томоохон байгууллагуудад цаг завгүй ажиллахын зэрэгцээ, Дорнод нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа төлөө найзуудынхаа хамт төрийн бус байгууллага удирдан ажиллаж буй PC mall Дорнод салбарын менежер Б.ТУЛГА-ыг урьж оролцуулан сайн туршлага, амьдралын нэг өдрийн өнгийг та бүхэндээ хуваалцаж байна.

Овог нэр: Баатарцогтын ТУЛГА

Мэргэжил: Мэдээллийн технологийн инженер, КТМС

Эрхэлдэг ажил: PC mall Дорнод салбарын менежер

Сошиал хаяг: tulga.baatartsogt

ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ, ӨДРИЙГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажлын өдрийн өглөө 7 цагт босдог. Эхнэр маань эрт босдог болохоор өглөөний цай бэлэн, харин би өөрийн тэжээдэг шувууддаа өглөөний хоолыг нь өгнө. Гэр бүлээрээ цайгаа ууцгаагаад ажил, хичээл, цэцэрлэгтээ явцгаана да. Орой ажлаа тарж хүүхдүүдээ авсаар 19 цагт гэртээ цуглана. Өдрийн ажлаа  өмнөх орой нь төлөвлөж бэлддэг. Амралтын өдөр зав гарвал гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийг хичээдэг дээ.

ТАНЫ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ӨНӨӨДӨР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ЮУ БАЙНА?

Би Мэдээллийн системийн инженер мэргэжилтэй. PC mall дэлгүүрийн толгой компани болох Саммит компьютер технологи компанид байгууллагын борлуулалтын чиглэлээр 8 жил ажиллаад 2019 оны 4-р сараас Дорнод аймагтаа PC mall дэлгүүрийн албан ёсны салбарыг нээн ажиллаж байна. Мөн саяхнаас үүрэн холбооны ууган компани Мобиком корпорацид ажиллах боломж олдсонд Мэдээллийн технологийн инженер хүний хувьд олзуурхан хавсран ажиллаж байна. Залуу байгаа дээрээ, цаг завтай байгаа дээрээ аль болох ихийг хийж бүтээхийг зорьж байна.

Бас Дорнодынхоо хүүхэд залуусын сурч боловсрох, эрүүл чийрэг амьдрах, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг явуулж байх зорилгоор 10 жилийн хэсэг найзуудынхаа хамт “Дорнод ирээдүй сан” Төрийн бус байгууллагыг байгуулан гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.

Өнөөдрийн хувьд нэг байгууллагатай гэрээ байгуулах ажилтай, өчигдөр орой гэрээний драфтаа бэлдээд өглөө мэйлээр явуулчихсан. Шинэ жилийн баяраар байгууллагууд шилдэг ажилчдаа шагнадаг, тэр шагналдаа манай PC mall дэлгүүрээс цахилгаан бараа сонгон гэрээ байгуулж худалдан авалт хийж байгаа юм.

АЖЛЫН ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА, УРАМ ЗОРИГ ЮУНААС АВДАГ ВЭ?

Харилцагч, худалдан авагчдынхаа хүсэлд нь нийцсэн бүтээгдэхүүнийг зөвлөн сонгож өгсөний хариуд инээмсэглэн хэлэх баярлалаа гэдэг үгнээс маш их урам авдаг. Ялангуяа гэр бүлээрээ дэлгүүрээр үйлчлүүлж, нандигнан цуглуулсан мөнгөөрөө гэртээ хэрэгцээт барааг худалдан авч байгаа тэдний баярласан сэтгэлийг мэдрэхэд хийж байгаа ажлаараа үнэхээр бахархаж сайхан санагддаг шүү.

Ажил бизнесийн хувьд шинэ санааг янз бүрийн зүйлээс олж авдаг. Үйлчлүүлэгч, харилцагчидтай уулзаж тэдэнд тулгарч байгаа асуудлуудыг сонсох, хэрэгцээг нь мэдэх, салбар бүрт ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж ярилцах зэргээр. Асуудал байгаа л бол шийдэх гарц нь байдаг, түүнийг технологийн боломжоор оновчтой, үр ашигтайгаар шийдвэрлэх байдлаар ажилладаг. Мянган шинэ санаа байгаад хэн нэгний асуудлыг шийдвэрлэхгүй, хэн нэгний хэрэгцээг хангахгүй, таашаал мэдрүүлэхгүй бол тэр санаа ажил хэрэг болж чадахгүй

ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?

Өвөө эмээ дээр өссөн болохоор юм юмны дөртэй, хийж чадахгүй зүйл бол ховор шүү./инээв/

Хэдэн жилийн өмнө бүгдийг өөрөө хийх гээд нухчихдаг байлаа. Харин одоо бизнесийг удирдахын тул цаг хугацаа, нөөц бололцоогоо хамгийн чухал зүйлдээ төвлөрүүлж, нэг зүйлдээ төгс сайн болохоор хичээж байна. Гэр бүлдээ аав хүнийхээ ажлыг л хамгийн сайн хийж чаддаг гэж бодож байна.

СҮҮЛИЙН ҮЕД ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?

12-р сар аливаа бизнесийн байгууллагын хувьд гүйцэтгэлийн оргил үе байдаг, 2019 оноо амжилттай дуусгахыг хичээж ажиллаж байна.

ГАР УТАС ДЭЭР ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП ЮУ ВЭ?

Миний өдөр дутмын ажил, амьдралд гар утас маш өндөр хэрэглээтэй байдаг. Олон ч апликэйшн хэрэглэдэг, албан ажлууд бүгд Microsoft Office 365 дээр явагддаг (Outlook, teams, Planner...)

Хувийн ажлуудаа Trello дээр төлөвлөж, Gmail, Viber, Facebook messenger –ээр харилцдаг.  “PC mall Дорнод”, “Дорнод ирээдүй сан”, “Өхөөрдөм шувууд” зэрэг пэйжүүдээ хөтлөхдөө Pages Manager app, Soundcloud –р подкаст болон дуу сонсоно, төлбөр тооцоогоо Candy & Khan bank app, Сошиал сувгууд мэдээж Facebook & Instagram хэрэглэнэ.

ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ?

Манай нутгийн Яруу найрагч Д.Ган-Очир ахын “Бодролын зүг” шүлгийн номыг уншиж байна. Kindle дээр хэрэгтэй ном, гарын авлагаа уншчихдаг.

СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА?

Би хүүхдүүдтэйгээ хамт гитар тоглож дуулах дуртай. Гитараар тоглож болох аялгуутай дуунуудыг ихэвчлэн сонсдог. Яг одоогийн байдлаар Lady Gaga, Bradley Cooper нарын хамт дуулсан Shallow дууг их сонсож, бас дуулж байна. 

Оффист сууж ажиллахдаа Арга билэг хамтлагийн Агула цомгийг сонсож байна. Чадварлаг мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн этно жаз хамтлаг.

12 ДУГААР САРЫН НЭМЭЛТ АСУУЛТ: ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ТАНЫ ХУВЬД ЯМАР БАЯР БЭ?, ШИНЭ ЖИЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРТАГДАХААРГҮЙ НЭГ ДУРСАМЖАА ХУВААЛЦААЧ?

Шинэ жил хамгийн гоё баяруудын нэг. 10 жилийн сурагч байхаас баярын зохион байгуулалтад оролцож ангийнхаа ханын сонинг хөвөн, өнгийн цаас, ёлкны тоглоом зэрэг гар доорх материал ашиглан хийж, 8-р сургуулийнхаа ёлкны шинэ хуучин он, хөтлөгч болж, концертод дуулж байсан үе санаанд орж байна. Маш бүтээлчээр өөрсдөө бүх зүйлээ хийж баярладаг байж.

Харин одоо шинэ жилийн баяраар хайртай гэр бүлийнхэнтэйгээ гацуураа засахдаа видео бичлэг хийдэг уламжлалтай болсон. Олон жилийн дараа эдгээр бичлэгээ үзэхэд сайхан санагдах байх.

11. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Б.ТУЛГА "Мянган шинэ санаа байгаад хэн нэгний асуудлыг шийдвэрлэхгүй бол тэр санаа ажил хэрэг болж чадахгүй"  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх