Нагац ах

2019/12/16
Нагац ах

Магадгүй, өөрийнх нь тухай ийн бичихийг энэ хүн огтхон ч зөвшөөрөхгүй байсан байх. Тэр дундаа өөрийг нь магтан дуулъя гэвэл тэрээр шууд дургүйцэх байсан. Гэвч өнөөдөр энэ хүн бидний дунд алга. Яг нэг жилийн өмнө, ид хав дүүрэн 58-хан насандаа энэ ертөнцөөс анир чимээгүйхэн явчихсан юм. Цэндийн Шинэбаяр хэмээх эгэл даруухан хүний тухай би ямар нэгэн гоёчлол, уянгын халилгүйгээр бичиж чадна. Яагаад гэвэл тэр бол миний нагац ах.

Нагац ахыг гялалзаж явах үед би түүний үеэл дүү гэдгээ нуудаг байсан. Өөрөөр хэлбэл, цахилгаан станцын дарга, шилдэг бизнесмен, топ татвар төлөгчийн нэг, аймгийн хурлын дарга, их хурлын гишүүн нагац ахаараа би бардамнаж, гайхуулж явсангүй. Хэтэрхий шулуун шударга зан нь, үгс нь намайг айлгадаг байсан болохоор тэр байх. Ихэнх дундаж хүмүүсийн адил би түүнийг ойлгодоггүй байлаа. Нөгөө талаар нагац ахтай таарах бүрийд ном л ярьдаг нь заримдаа залхуутай, сонирхолгүй этгээд мэт санагдуулдаг байв. Нагац ах маань мэнд мэдмэгцээ л “Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ” гэж ёс юм шиг асууна. Нөхөрт гарснаасаа хойш ахуйн асуудлууддаа дарагдаад ном уншихтай манатай болчихсон үед энэ асуулт ихээхэн тээртэй байж билээ. Ном уншаагүйгээ хэлбэл хоцрогдсон, харанхуйгаараа дуудуулан загнуулдаг байв. Тэгэх завсраа англиар, оросоор асуулт тавина. Ямар нэгэн үг хэлээд орчуул гэнэ. Хэлж чадвал сэтгэл нь нэн тааламжтай, хөмсгөө өргөөд уруул нь үл ялиг мушийж инээвхийлнэ. Харин хэлж эс чадвал өдөр бүр 5 англи үг, 10 орос үг цээжлээч гэх аль багад л шаардаж байснаараа шаардана. Биднийг арван жилийн сурагч байхад /1980-аад оны дундуур шүү дээ/ англи, орос үг бичиж гэрийнхээ булан тохой бүрт хаа сайгүй хадахыг зааж өгсөн, өдөр бүр шинэ гадаад үг цээжлэхийг хэвтэрт орон ортлоо биднээс шаардсан, тийм л уйгагүй хүн байлаа.

Шинэбаяр нь 13 хүүхэдтэй айлын хамгийн том хүү нь юм. Дээрээ 3 эгчтэй, хамгийн том эгч нь миний ээж л дээ. Эгч нар нь Шинэбаярыг дүү гэж багад тооцохгүй, харин ч эцгээсээ хойш том гэр бүлийн тэргүүн хэмээн дээдлэн хүндэлж, үгийг нь сонсдог байсан. Шинэбаяраас доош 9 дүү нь, бас хамгийн том зээ болох би тэргүүтэй бусад ач, зээ нар гээд бид цөмөөрөө түүнд захирагддаг байв. Ер нь бол их ширүүн хүн байсан. Үг нь ёжтой, шооч зантай. Залхуу, болхи, бэртэгчин хүнийг шоолно. Тийм хүмүүсийг үзэхгүй. Ажилсаг, хөдөлмөрч хүнийг хүндэлнэ, магтахдаа жишээ болгож ярина.

Хамгийн гол нь маш их уншдаг хүн байсан. Уншаад л байна, уншаад л байна. Зүгээр ч нэг уншихгүй, гартаа заавал тодосгогч, 3 өнгийн бал атгаж уншина. Гол гол санаануудаа доогуур нь зурж, тэмдэглэхийн тулд тэр л дээ. Түүний уншаад дуусгасан ном эрээн мяраан болчихсон байдаг. Номын тэмдэглэл бас хөтөлнө. Ерөөсөө л уншихын заяанд төрсөн хүн юм уу гэлтэй. Шинээ ах орон гэрийнхээ аар саар ажилд орооцолдоод байхгүй. Түүний эхнэр ар талыг бүрэн хариуцна. Тэд 26 жил ханилахад Шинээ ах аяга цай чанаж үзээгүй байх гэж би боддог. Халамжтай ханийнхаа хүчинд уншиж, ажиллаж, манлайлж, бүтээж явсан миний нагац ах.

Нагац ах маань уул уурхайн инженер мэргэжилтэй хүн сэн. Дотоодын их сургууль төгссөн. Орос, англи хэлийг өөрөө бие даан сурсан. Сургуулиа төгсөөд Дорнод аймагтаа очиж Дулааны цахилгаан станцад инженерээр ажиллаж эхэлсэн байдаг. Хэн нэгэн том даргын хүүхэд шиг юм уу, эсвэл эцэг эхийнхээ ажиллаж байгаа салбарт орж бэлэн дардан зам дээр гарч ирдэг хүүхдүүдийн нэг байгаагүй юм. Ах маань ажил, амьдралын замаа өөрөө л цоо шинээр тавьж эхэлсэн нэгэн. Станцдаа цехийн даргаар дэвшин томилогдож, дараа нь станцын дарга болсон. Одоогийнхоор бол мерит зарчмаар гэсэн үг. Станцын даргаар ажиллаж байх үед нь Монгол орон даяар нийгмийн өөрчлөлт хийгдсэн, ард олон картын бараанд дугаарлаж өлөн зэлмэн, улсын эдийн засаг сэхээний орон дээр шилжсэн, цахилгааны хомсдол нүүрлэсэн хүнд бэрх он жилүүд байсан. Манай улсын хувьд эрчим хүчний хоёр дахь том хямрал нүүрлэсэн 1990-ээд оны дунд үед Дорнодыг гал алдуулахгүй, хөлдөөхгүй авч явах чухал албыг нагац ах маань хашиж байлаа.

Станцад ажилладаг байхдаа орос хэлээрх сэтгүүлүүд захиалж уншдаг байсан. Ихэвчлэн шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүл байдаг сан. Уншсанаа бидэнд ярьж өгнө. Нэг удаа “Зурагтыг холоос удирдаж сувгийг нь сольдог болж байгаа” тухай ярихад нь “Рекорд” зурагтынхаа чихийг бахиар мушгидаг байсан мань мэт хоорондоо “Шинээ ах ёстой заллаа даа” гэх ухааны юм шивнэлдээд өнгөрч билээ. Гэтэл алсын удирдлага гэдэг шинэ дэвшлийн тухай оросын шинжлэх ухааны сэтгүүл дээр нийтлэгдсэнийг бидэнд ярьж өгсийм байна лээ л дээ. Бид ойлгохгүй, бас итгэхгүй, мангар бацаанууд байж дээ. Бид гэдэг нь 4-9 дүгээр ангийн 6 хүүхэд. Надаас бусад нь миний ээжийн бага дүү нар, дунд сургуулийн жаалууд. Үе тэнгийн, ойролцоо насны биднийг цуглуулж байгаад өдөрт цээжилсэн англи, орос үгийг заавал шалгана. Тэрэн дээр бол цаг заваа харамлахгүй. Шинэ ном, сэтгүүл авчирч өгнө. Уншихыг шаардана, уншиж байгаа хүнийг дэмжинэ. Нэг удаа миний аав Шинээ ахад намайг ховлохдоо “Энэ Тунгаа жорлонд хүртэл ном бариад орчих юм, гарахаа үзэхгүй, арай дэндлээ” гэхэд “Зөв. Сайн байна. Уншаад л бай. Харин хэвтээгээрээ битгий уншаарай” гэж хэлэхэд нь одоо л загнуулна даа гэж айж байсан би учиргүй тайвширч байснаа тод санадаг юм. Шинээ ах маань биднийг хар багаас номын амтанд яах аргагүй хөтлөн оруулсан хүн.

1999 оны хавар Шинээ ах “Адуунчулуун”-ы уурхайг хувьчилж авах болов. Манай гэр бүлийнхэн бүгд дор бүрнээ хөдөлсөн дөө. Хөдөө суманд хүнсний дэлгүүр ажиллуулдаг ээж минь хүртэл өөрийнхөө чадлаар хэд гурван сая төгрөг барьж ирсэн байдаг. Тухайн үед шар сонин дээр бичигдсэн шиг ямар нэгэн далд эзэн, гадны гар хөл ороогүй, бохир мөнгө холилдоогүй, жинхэнэ шударга хувьчлал болсон юм. Илч, гэрэл түгээх ажилдаа ах маань эргэн орох нь энэ. Уул уурхайн мэргэжлийн инженер учраас уурхайг удирдахад зовлон байгаагүй байх. Атаархан хорсогчдоос захиалж бичүүлдэг худал мэдээллүүд л зовлонтой байсан байх.

2000 оноос Шинэбаяр улс төрийн сонгуульд өрсөлдсөн. 2 сонгуульд өвдөг шороодсоны эцэст 3 дахь дээрээ буюу 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Худал амлаж, хийсвэр ярьж, хүмүүсийг магтаж, мөнгө цацаж явсан бол эхний удаадаа сонгогдчих боломжтой байсан л даа. Гэвч Шинээ ах их сонин, өвөрмөц, заримдаа этгээд гэмээр нэр дэвшигч байсан. Нэг удаагийнх нь сонгуульд би ажиллаж байсны хувьд сайн мэдэх юм. Өөрөөсөө шалтгаалах юман дээр өөрөө л хичээ, битгий залхуур, бүгдийг төр засаг руу бүү чихээд бай, та нарт өгөх мөнгө надад байхгүй гэхчлэн сонгогчдыг загнаад загнаад явчихдаг байсан. Сонгогчдод таалагдахын тулд ярьдаггүй байсан нь их хачин. 2008 онд УИХ-д сонгогдсон хойноо Шинэбаяр зөвхөн тойргоо л тойглон услаж байсангүй. Ахин сонгогдохын тулд араа бодон довоо шарлуулж байдаг улстөрчид олон шүү дээ. Гэвч нагац ах тэгээгүй. Тэр ч бүү хэл гишүүний суудлын мөнгө гэж олгогдсон 1 тэрбум төгрөгийг бусад гишүүд өөрсдөө барьж тойрогтоо очоод мөнгөн бороо оруулж байхад нагац ах шууд аймгийн төсөв рүү шилжүүлж нийлүүлчихсэн байдаг. Их хурлын гишүүн болсон хойноо ямар нэгэн сан мангаас зээл авах нь бүү хэл олон дүү нарынхаа нэгийг нь ч ажилд оруулаагүй, төсөл тендер олж өгөөгүй, тусалж дэмжээгүй, тийм л шударга хүн байлаа. Болгоё гэвэл их хурлын гишүүний эрх мэдэл бага гэж үү. Тэр хүнд ер нь хувийн эрх ашиг нэгдүгээрт биш байдаг нь төдий зэрэг л дээ.

Их хуралд очихоосоо өмнө улсын хэмжээнд топ татвар төлөгч болтлоо өргөжсөн хувийн бизнестэй түүний хувьд эрхэм гишүүний суудал хөрөнгөжих хэрэгсэл байгаагүй. Бас нэг намын дуулгавартай кноп болж, эсвэл кнопоо мөнгөөр худалдаж яваагүй. Харин нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэлийн эсрэг хатуу үгсийг айлгүй хэлж, тэдэнд адлагдаж явсан нэгэн. Доромжлуулж хүртэл явсан даа. Хорт хавдар өвчний улмаас хоолойндоо хагалгаа хийлгэж, шивнэх шахам дуугардаг болсон байх үед нь сөөнгө хоолойтой хэн ч билээ нэг жүжигчний дүрд хувилан ирж шагнал гардуулаач гэх урилга хүртэл очиж байсан гэдэг. Хэн нэг алдартай жүжигчин шиг сөөнгө хоолойгоор имиж тогтооё гээгүй шүү дээ, хүний өвчин зовлонгоор хүртэл тохуурхаж, ар гэрийг нь сэтгэлийн зовлонд унагаж чадсан тэдгээр хүмүүсийг бурхан ивээх болтугай. Оймсоо гозойлгогч нэг хүнийг оймстойгоо ачигдахаас өмнө гэрт нь, яг дэргэд нь юунаас ч юм өмгөөлөн сууж, тусгайгийн залуус дайран орж ирэхэд хоолой нь гарахгүй тул хуруугаа гозолзуулан эсэргүүцэж суусан тэр төрхийг эргэн санахад, хамт суугаа бусад улстөрчид гэх баагий нар айгаад ч юм уу, араа бодоод ч юм уу чив чимээгүй оргин сууж байсныг бодох бүр “Яагаад ийм чигээрээ байсан юм бэ. Орчинд тохируулан хувирч сурахгүй яав даа. Хуйвалдаж, хулгайлж, хуугаар нь хамж явсан хүмүүс өнөөдөр хамгийн гоё үгийг хэлж, хамгийн өндөрт сууж, хамгийн ихээр доромжилж байна. Харин үнэн үгийг хатуу хэлж явсан Та өнөөдөр хаана байна вэ” гэж би халаглан дурсдаг. Эрх баригч намын зарим цүнх баригч залуус “Манай намыг хагалан бутаргасан этгээд” гэж талийгаачийн тухай муулан ярьсан нь саяхан миний чихийг дэлсэж байна лээ. Намаа нандигнахаасаа өмнө хүнийг хайрладаг бай, цүнх барихынхаа хажуугаар цаг зав гарган ном уншиж бай гэж би тэдгээр залууст зөвлөмөөр байна. Өөд болсон хүн үг хэлэхгүй ч өмөөрөн дуугарах эгч, дүү нар олон байгааг санаж яваарай!  

Миний нагац ах нэр цэвэр, гар цэвэр, бүхий л үйлдлээрээ цэвэр, шударга явсаар энэ хорвоогоос халиад яг нэг жил өнгөрлөө. Ц.Шинэбаяр хэмээх энэ хүн омголон бардам зантай, өөрийнхөө хүчээр амьдарсан, сурахыг эрхэм болгож, уншсаар улам бүр хөгжиж  явсан, хатуу ширүүн үгтэй, энэ улсын төлөө цохилж явсан жирийн нэгэн эх оронч байлаа. Амьд сэрүүн ахуйд нь уулзаж хөөрөлдөхөөс эмээж, холуур тойрч, бараг зугтааж, үйл хэргийг тань дэмжиж яваагүйд уучлаарай. Ойлгодоггүй байсанд минь уучлаарай.   

Нагац ахынхаа талаар цээжний цаана хуримтлагдсан сэтгэлийн үгсээ илчилж, зул болгон үүгээр өргөв. Ум сайн амгалан болтугай.  

Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Т.МӨНХТУНГАЛАГ
2019.12.1
6.

Нагац ах  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх