Шинэ жил: “АГАР” creative studio

2019/12/15

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр билээ. Хүн бүхний зүрх сэтгэл долгилон буй, шинэ зорилго, шинэ мөрөөдөл, шинэ хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг баярын энэ өдрүүдэд бид Дорнод нутгийнхаа байгууллага, хамт олныг 12 дугаар сарын “ШИНЭ ЖИЛ” хэмээх тусгай дугаартаа урьж оролцуулж байна. Ингээд энэхүү булангийн эхний зочдоор медиа салбарт шинээр хүч түрэн орж ирж буй “АГАР” creative studio шижигнэсэн залуусыг урьж оролцууллаа.

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ХАМГИЙН ГОЁ ЗҮЙЛ НЬ ЮУ ВЭ?

Н.Чинзориг: Хамгийн өнгөлөг баяр гэж боддог. Бас шинэ жилийн баяр дөхөхөөр хүмүүс бие биенээ шалтгаантай шалтгаангүйгээр баярлуулах нь их болдог байх. Өнгөрсөн болон ирээдүйгээ хүн бүр бодож өөр лүүгээ өнгийдөг нь бас сайхан. Бүх насныхан энэ баярт дуртай хүлээдэг байхаа гэж бодож байна.

ШИНЭ ЖИЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРТАГДАХААРГҮЙ НЭГ ДУРСАМЖАА ХУВААЛЦААЧ?

Э.Отгонтуяа: Арван жилийн сурагч байхдаа шинэ жилээр цасан охин болох юм уу, эсвэл багт наадмын гүнж болох, эсвэл бүжгэнд орох ч юм уу ямар нэг урлагийн тоглолтод ордог байсан маань их гоё дурсамжтай санагддаг. Ер нь л шинэ жил гээд хаа сайгүй гэрэл чимэглэл засаад, хүмүүс ч бас цаанаа нэг дэврүүн, догдлол дүүрэн, хөгжилтэй, өнгөлөг болчихдогт нь дуртай. Бас хүүхдийнхээ гацуурыг засч өгөхдөө хүүхдээсээ дутуугүй баярладаг.

ӨВЛИЙН ӨВГӨН ТАНЫ НЭГ ХҮСЛИЙН БИЕЛҮҮЛНЭ ГЭВЭЛ?

Э.Отгонтуяа: Нисч үзэхийг хүсэх байсан. Би жаахан байхаасаа л Харри Поттерийн цувралыг үзэх дуртай, унших дуртай. Зэргэлдээ ертөнцөд ид шид байдаг гэж одоо ч итгэдэг. Хэрэв ид шид байдаг бол би нисч үзмээр байна.

ШИНЭ ЖИЛЭЭР АВЧ БАЙСАН ХАМГИЙН ГОЁ БЭЛЭГ?

Б.Нямжав: Дээр үеийн цаасан ууттай бэлэг авах хамгийн гоё байдаг. Дотроос нь алим, бэрсүүт жүрж, нар хамба, нандин чавга гарч ирдэг дээ. 2015 оны “Ган үзэг” хэвлэлийнхний шинэ жилээр яг тийм бэлэг авахад хүүхэд насны дурсамж сэргээд гоё санагдаж байсан.

ШИНЭ ЖИЛЭЭР СОНСОХ ДУРТАЙ ДУУ? ҮЗЭХ ДУРТАЙ КИНО?

Б.Энхсоргог: Шинэ жилийн уур амьсгал ороод ирэхээр л Mariah Carey-гийн “Аll i want for christmas is you” хаа сайгүй яваад эхэлдэг дээ. Бас зурагтаар “Гэртээ ганцаараа” их гардаг. Тийм болохоор дассан гэх үү дээ. Гэхдээ хэзээ ч уйддаггүй, сонсох бас үзэх дуртай.  

Шинэ жил: “АГАР” creative studio  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх