9. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Э.ДАВААНЯМ "Төрсөн нутагтаа амьдарч, түүхт уурхайдаа ажиллаж байгаадаа бахархдаг"

2019/12/01

Dornod.today мэдээллийн сайтын “ӨНӨӨДРИЙН ӨНГӨ” буландаа салбар бүрт амжилттай ажиллаж яваа Дорнод нутгийн залуучуудаа цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ оны хамгийн сүүлийн  12 дугаар сар гарлаа тухайн жилийнхээ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ бөгөөд энэ жил бид юуг хийж бүтээв хэмээн өнгөрсөнөө дүгнэх энэ сарын хамгийн эхний зочноор Дорнод нутгийн ард түмнийг олон жилийн турш гал алдуулалгүй яваа Адуунчулуун ХК-ны,  Технологийн хэсгийн дарга-Маркшейдер Э.Даваанямыг урьж оролцууллаа.

Овог нэр: Энхбатын ДАВААНЯМ

МэргэжилУул уурхайн инженер-Маркшейдер

Эрхэлдэг ажил: Адуунчулуун ХК, Технологийн хэсгийн дарга-Маркшейдер

Сошиал хаяг:  Э.Давааням /Facebook/

ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ, ӨДРИЙГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Өглөөдөө босох цаг ерөнхийдөө харилцан адилгүй. Ажлын өдрүүдэд ихэвчлэн 06:30-06:40 хооронд босдог доо. Би багаасаа эмээгийнхээ дэргэд өссөн болохоор нойронд сэргэг талдаа. Ер нь нойр харамлаад байдаггүй. Тухайн өдрөө ямар сэргэлэн цовоо босно тухайн өдрийг тийм эрч хүчээр дүүрэн өнгөрөөдөг юм шиг санагддаг. Өглөө босоод эхнэр хүүхдээ сэрэхээс нь өмнө кофег нь чанаж, өглөөний цайг нь бэлдэх дуртай.  Амралтын өдрүүдэд бас цай хоол бэлдэж өгөх дуртай. За тэгээд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд ажилруугаа явдаг даа. Ойрд ажил ихтэй сургуульд нь хүргэж өгч амжихгүй л байна. Манай ажил улирлын чанартай өөр өөр цагийн хуваариар ажилладаг л даа. Миний ажил ерөнхийдөө өглөө 8 цагаас орой 17 цаг хүртэл үргэлжилдэг. Ажил дээрээ сууж ажиллах зарим онцгой тохиолдлын үед хонож ажиллах ч үе байдаг. Уул уурхайн ажил ер нь хүнд шүү дээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гал ус, үер бороо гээд л. Гэхдээ уурхайчин бид бүгдийн даван туулсаар л өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Даван туулах ч болно. Ажлын өдрийн өглөө бүрийн 08:30 цагаас компанийн удирдлагуудын хэмжээнд шуурхай хуралтай байдаг. Энэ хурал дээрээ тухайн өдөр тухайн цех хэсгүүд ямар ажил хийх талаараа төлөвлөгөөгөө танилцуулж, өмнөх өдөр нь ямар ажил хийсэн талаараа тайлагнаж хуралддаг. Миний нэг өдрийн ажил ингэж л эхэлдэг дээ. Өдөр 12:00-13:00 цагийн хооронд ажил дээрээ үдэлчихдэг. Манай уурхайн хоолыг хүмүүс сайхан хоолтой гэдэг шүү. За тэгээд өдөр тутмынхаа ажлуудыг хийгээд орой ажлаа тараад харьдаг. Ер нь гэр бүлээрээ салхинд гарах, Чойбалсан хотоороо зугаалах гэх мэтээр ажлын бус цагаа өнгөрөөдөг дөө. 

ТАНЫ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ӨНӨӨДӨР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ЮУ БАЙНА?

Хүн бүрийн ажил мэргэжлүүд л онцлогтой л доо. Миний ажил ч мөн адил,  гэхдээ манайхны дунд уурхайчид гэхээрээ л газар ухдаг, байгаль орчин эвдэн сүйтгэдэг мэт ойлголттой байдаг. Хариуцлагатай уул уурхайг жишгээр технологийн дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй хийж аль болох эвдэгдсэн газраа байгалийн унаган төрхөмд нь буцаан ойртуулж нөхөн сэргээж ургамлан нөмрөгөө сэргээж газар устайгаа зүй зохистой харьцаж ажилладаг. Манай уурхайн тогтвортой ажиллаж ирсэний давуу тал юмуу даа. Миний ажил мэргэжил бол уул уурхайг зөв оновчтой технологийн дагуу олборлолт явуулахын дээр аливаа асуудал дээр эрсдэлийг түрүүлж харж, үр дагаврыг тооцоолох түүнээс урьдчилан сэргийлэх эрсдэлгүй ажиллах нөхцөлөөр хангахыг шаарддаг. Манай уурхайчид чинь цусаар бичигдсэн хатуу дүрэм журамтай улсууд шүү дээ. Алдаа гаргаж аюулгүй ажиллагаа доголдох л юм бол амь настай холбоотой осол эрсдэл гарч болзошгүй нөхцөлд ажилладаг. Манай хамт олон ч энэ үүргээ ухамсарлан аюул осолгүй ажилласаар өнөөдрийг хүрлээ. Өнөөдөр хийхээр төлөвлөсөн ажил их байнаа. Сая Вагнер Ази Монголиа ХХК дээр хуралд суугаад өчигдөр ирлээ. 12 сарын 01-ээс өмнө 2020 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан цахимаар илгээсэн байх ёстой байдаг учраас амралтын өдөр гэлгүй ажил дээрээ сууж байна. Хуулийн хугацаанд нь багтааж 2020 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан дуусгаж илгээнэ дээ.

АЖЛЫН ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА, УРАМ ЗОРИГ ЮУНААС АВДАГ ВЭ?

Ажлын эрч хүчийг мэдээж гэр бүл хань ижил, үр хүүхэд, ажлын хамт олон, хийж буй ажил, мэргэжил нэгт найз нөхөд гээд олон сайхан зүйлсээс авч байна. Манай уурхай чинь 64 жилийн түүхтэй уурхай. Удам дамжсан уурхайчид ч байдаг. Аав ээж шиг минь, ах эгч нар шиг минь, найз нөхөд дүү нар шиг минь бүх насны уурхайчид хамтдаа ажилладаг болохоор их зүйлийг зааж зөвлөж урам зоригтойгоор хамтран ажилладаг даа. Залуу инженерүүд маань хамтдаа нэг зорилгын төлөө байдаг учраас надад эрч хүч, шинэ санаа, урам зориг өгдөг гэдгийг бас онцлох нь зүйтэй байх

ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?

Амьдралын хувьд би хамгийн сайн хань, хамгийн сайн аав л байхыг үргэлж хичээдэг. Мэдээж ажлаа бол хэнээс ч дутахгүй хамгийн сайнаараа хийхийг хичээдэг. Энийг ч сайн хийдэг, тэрийг ч сайн хийдэг гээд байхаар өөрийгөө магтсан болчих гээд байх юм. *Инээв/. Хоолыг л сайн хийдэг юм болов уу даа. Миний хийсэн хоолыг гэрийнхэн маань үлдээж байгаагүй болохоор тэгэж бодогдлоо.

СҮҮЛИЙН ҮЕД ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?

Сүүлийн үед уул уурхай дээр байх ёстой бичиг баримтынхаа бүрдэлт дээр л сууж байна даа. Манайхан чинь зуны улиралд хөрс хуулалт, ус шавхалт нүүрс олборлолт гээд тун завгүй ажилладаг. Өвлийн улиралд ажил арай гайгүй. Гэхдээ л аймаг сумдынхаа ахуйн хэрэглэгчид, аж ахуйн нэгж байгууллагууд, ДБЭХС ТӨХК-ийг гал дулаан алдуулахгүйн төлөө өвөл зунгүй л ачаалалтай ажилладаг даа. Жилийн эцэс болж байгаа болохоор ерөнхийдөө тайлан төлөвлөгөө бичиг баримтын бүрдэлтийн ажил дээр л төвлөрч ажиллаж байна даа. 

ГАР УТАС ДЭЭР ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП ЮУ ВЭ?

Ажлын хэрэгцээнд MAPS,GPS аппууд англи хэлний тольнууд ашигладаг. Спортын талын сагс, хөл бөмбөгийн мэдээллийн аппууд, хувийн хэрэгцээнд фэйсбүүк инстаграм.

ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ?

Манай гэр бүлийн хүн харин ном сайн уншдаг. Би ном бэлэглэх их дуртай. Ажил мэргэжлээсээ шалтгаалаад Инженерийн лавлах, уул уурхайн процесс, технологийн талын номууд л уншиж судалж байна, Хамгийн сүүлд Сайшо Хироши-гийн “Өглөөний хүн” номыг эхлүүлээд байна.

СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА?

Манай үеийнхэн чинь Камертон, Номин талст хамтлагуудыг л сонсож өслөө шүү дээ. Тэр ч утгаараа байнгын машиндаа сонсоод л явдаг. Гэхдээ Lady gaga-Always remember us this way дуунд орчихоод байгаа кк

 

 

9. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Э.ДАВААНЯМ "Төрсөн нутагтаа амьдарч, түүхт уурхайдаа ажиллаж байгаадаа бахархдаг"  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх