Dornod.today мэдээллийн сайтын “ӨНӨӨДРИЙН ӨНГӨ” буландаа салбар бүрт амжилттай ажиллаж яваа Дорнод нутгийн залуучуудаа цувралаар танилцуулж байгаа билээ. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан найм дахь удаагийн зочноороо төрийн албанд ажиллаж, хөдөлмөрлөж буй залуусын төлөөлөл Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын, Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Мөнхбатын Нямсүрэнг урьж оролцууллаа.
Овог нэр: Мөнхбатын Нямсүрэн
Мэргэжил: Эрх зүйч, Удирдлагын акедамийн төрийн удирдлагын докторант
Эрхэлдэг ажил: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
Сошиал хаяг: Мөнхбат Нямсүрэн /Facebook/
ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ, ӨДРИЙГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Өглөө босох цаг ерөнхийдөө улирлын байдлаас шалтгаалдаг. Би хүүхэд насаа өвөө, эмээгийнхээ дэргэд өнгөрөөсөн болохоор ч тэр үү нойронд их сэргэг зуны цагт 4:30-5:30 хооронд, өвлийн цагт 6-6:30 хооронд босдог. Манай хүн, хүү 2 намайг хамгийн эрт босдог хэрнээ хамгийн сүүлд амжиж гардаг гээд л шоолонгуй байдаг /инээв/. Энэ гэхдээ ээж, гэргий хүний үүрэгтэй л холбоотой байх. Ажлын өдрүүдэд хөвгүүдээ явуулчихаад ажилдаа гарна. Ажил өглөө 8 цагаас орой 7, 8 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ нь төрийн ажлын онцлог юмуу даа. Долоо хоногийн эхэнд юмуу хэт ачаалсан үедээ цагийн байдлаасаа шалтгаалж хийх ажлуудаа эрэмбэлэн жагсааж бичээд тэгээд л чеклээд явна даа. Миний хувьд өөрийн мэргэжил, ажил, хамт олон, ментороосоо маш их урам зориг, тэмүүллийг олж авдаг болохоор ч тэр үү ажилдаа дуртай. Харин амралтын өдрүүдийн төлөвлөлт хөвгүүдтэйгээ хамт байхыг хичээдэг. Гэр бүлийн хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа, хийх зүйлс их нарийн төлөвлөгдсөн ерөнхий зохион байгуулагч, чиглүүлэгч нь хүү маань.
ТАНЫ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ӨНӨӨДӨР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ЮУ БАЙНА?
Хүн бүхний мэргэжил, ажил бүхэн онцлогтой сайхан. Миний ажил, мэргэжил аливаа асуудал дээр эрсдэлийг түрүүлж харж, үр дагаврыг тооцоолохыг, хувь хүн талаасаа бол өөрийн гэсэн итгэл үнэмшил, чиг шугам, зарчимтай байхыг шаарддаг. Ажил мэргэжлийн онцлог гэсэн учраас Монгол улсын Гавъяат хуульч Б.Чимид гуайн хэлсэн нэг үг байдаг юм. “Хуулийг барьж байгаа, хуулийг ярьж байгаа хүн хүн шиг л хүн байх ёстой” гэсэн. Эдгээр үгс энэ ажил мэргэжлийн онцлогийг бүрэн илэрхийлсэн мэт санагддаг.
Өнөөдрийн төлөвлөсөн ажлууд олон байна. Сайдтай байгуулсан гэрээний биелэлт гаргаж удирдлагуудад танилцуулах, хоёр ч төлөвлөгөөний төсөл бэлтгэх, маргаан бүхий асуудал дээрээ ажиллах гээд. Тэгээд хамгийн чухал нэг том ажил бол энэ бүхнийг хурдан амжуулаад аль болох оройтолгүй хөвгүүддээ, гэртээ очих.
АЖЛЫН ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА, УРАМ ЗОРИГ ЮУНААС АВДАГ ВЭ?
Ажлын эрч хүчийг гэр бүл, хамт олон, хийж буй ажил, мэргэжил найз нөхөд гээд олон сайхан зүйлсээс авч байна. Миний хувьд шинэ санааг суралцах процессоос их авдаг. Харин урам зоригыг нийгмийн бүх л хүрээллээс авдаг. Намайг хайрладаг ханиасаа, одоогоор та бол хамгийн хөөрхөн нь гэдэг хүүгээсээ, дэмжиж дэмнэдэг найзуудаасаа, өөрийн гэсэн төрхөөр амжилтыг, амьдралыг бүтээж байгаа үлгэр жишээ ах, эгч нараасаа, нийгэмд хийж бүтээж буй ажил үйлсээрээ тодорч байгаа үеийн залуусаасаа, хамтран зүтгэгч, ажлын хамт олноосоо, надад итгэж найддаг, намайг хурцалдаг, мохоодог, намайг сургадаг, надад зөвлөдөг болон сайн сайхан бүхнийг бусдад хүсч хийж байдаг хүн бүрээс авдаг. Бүх зүйл утга учир, өгөгдөлтэй шүү дээ.
ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?
Би аав ээждээ охин нь, нөхөртөө гэргий, хүүдээ ээж, гэртээ тогооч, ажил дээрээ ажилтан, хамтран зүтгэгчдээ хамтрагч, хамт олондоо хамтран ажиллагч, нийгэмд нөлөөлөгч гээд олон үүрэг, ажилтай энэ болгоноо хамгийн сайн хийхийг хичээж явна. Гэхдээ чаддаг нь гэвэл хоол сайн хийдэг. Энэ асуудал манай гэр бүлийн 100 хувийн саналаар үнэмлэхүй ялалт авсан асуудал.\инээв\
СҮҮЛИЙН ҮЕД ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?
Сүүлийн үед Захиргааны ерөнхий хуулийн хууль хэрэглээ, энэ хуулийн концепци үзэл санааг бодит нөхцөл байдалд хэрхэн хэрэглэх ойлгох тал дээр төвлөрч ажиллаж байна шинэ хууль учир тодорхойгүй асуудлууд цөөнгүй байна. Төвлөрч ажиллах болсон болсон шалтгаан нь манай улс захиргааны салбарын суурь харилцааг зохицуулсан материаллаг хуульгүй энэ төрлийн харилцааг салбар эрх зүйн хууль тогтоомжоор зохицуулдаг байсан. Захиргааны салбарын үйл ажиллагааг салбар эрх зүйн 200 гаруй хуулиар зохицуулж байсан нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа нэгдсэн стандарт, тогтсон процессын ажиллагаагүй болгох нөхцөлийг бүрдүүлж, төр өөрөө баталгаатай эдлүүлнэ гэж Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн эрхэд халдах тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байсан. Иймээс олон жилийн тооцоо судалгаанд үндэслэсэн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах харилцааны суурь зохицуулалтыг бий болгосон бие даасан Захиргааны ерөнхий хуулийг 2017 онд УИХ-аас баталсан. Энэ хуулийн чиглэлээр болон захиргааны эрх зүйн салбар, процессын ажиллагаатай холбоотой унших, судлах юм их байна.
ГАР УТАС ДЭЭР ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП ЮУ ВЭ?
Ажлын хэрэгцээнд https://www.legalinfo.mn/ хуулийн сайт болон вайвэр. Хувийн хэрэгцээнд фэйсбүүк инстаграм.
ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ?
Уншиж дууссан гэвэл Жан жак Руссогийн “Нийгмийн гэрээ” орчуулгын бүтээл. Одоо уншиж байгаа нь сая 11 сард хэвлэлтээс гарсан Г.Банзрагчийн “Захиргааны процессын эрх зүй” ном
СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА?
Сүүлийн үед найзынхаа явуулсан хөнгөн аязыг их сонсож байна. Дуу гэвэл ”Tones And I -Dance monkey”
8. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: М.НЯМСҮРЭН ”Хуульч мэргэжил эрсдэлийг түрүүлж харж, үр дагаврыг тооцоолон өөрийн гэсэн итгэл үнэмшил, зарчимтай байхыг шаарддаг” | |
DornodToday.mn Facebook |