THIS WEEK: Востокийг онцлов

2019/11/15

Сайтын уншигч та бүхэндээ зориулан THIS WEEK хэмээх шинэхэн булангаа хүргэж байна.  Энэ булангаараа Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, паб, лоунжийн талаар санаа бодол, сэтгэгдлээ цаашид хуваалцах болно. 

За ингээд хамтдаа хамгийн эхэнд бидний дуранд өртсөн нэгэн газрыг онцлоё.

“Восток” гэхээр таны санаанд хамгийн түрүүнд юу бууж байна. Хуучин цагт Орос ах нарын ресторан байсан энэ газар сүүлийн жилүүдэд ресторан, паб, лоунжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин энэ оны 9 дүгээр сараас эхлэн шинэ меню, шинэ орчин, тохижилттойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд үйлчлүүлээд гарсан сэтгэгдэлээ энд сийрүүлж сууна.

Хаяг: Дорнод аймгийн, Хэрлэн сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт, Читийн гудамжнаа байрлана.

Үүдээр нь яваад ороход үүдэнд тун найрсаг зантай охин таныг мэндэлж угтана. Энэ үйлчилгээний соёл Дорнодод бараг анхных байж мэднэ.  Нэлээн том заал талбайтай тохилог орчинтой, уур амьсгал дотоод өнгөний шийдэл тав тухыг танд мэдрүүлнэ.

Ая тух: Цагаан хүрэн өнгөний зохицол, тухлаг буйдан, сандал. Намуухан хөгжмийн аялгуу дээр нэмээд гал тогооноос нь хаяа анхилах хоолны үнэр бүтэн өдрийг өнгөрүүлсэн ч тухтай орчинг бүрдүүлжээ.

Хөгжмийн сонголт: Хөнгөн хэмнэлтэй, сонсголонтой хөгжмүүд эгшиглэнэ. Нэг л мэдэхэд хөгжмийн хэмнэлд нь орчихсон толгой дохичихсон сууж байсан.

Онцлох зүйл: Саяхан Чойбалсан хотод зохион байгуулагдсан “Зүүн бүсийн аймгуудын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 100 гаруй тогоочид ур чадвараараа өрсөлдсөн арга хэмжээ”-ээс  тус рестораны тогооч "ШИЛДЭГ ГРАНПРИ" шагналыг хүртсэн байсан учир, шилдэг тогоочийн гарын зоогийг амсах гэж тус газрыг зорьсон шалтгаан бас энэ ажгуу. 

Онцлох хоол: Газар газрын махан цуглуулга идэж явсан хүний хувьд эдний махан цуглуулгыг магтаж, таашаахгүй байхын аргагүй байлаа. Амт ямар байсныг зурагнаас харахад л мэдэгдэнэ дээ. 

Нэг зүйлийг энд онцлон хэлэхэд : Шинэхэн орчинтойгоор нээгдсэнээсээ хойш сард нэг удаа EVENT арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг юм байна. Миний санаж байгаагаар 9  дүгээр сард "3 бүдүүн" хамтлагийг авчирч байсан бол, 10 сард UB COMEDY-ийн үүсгэн байгуулагч Батаа тэргүүтэй комедианууд тал нутагт ирж байв, харин энэ 11 сарын 16-ны 20:00 цагт Харш хамтлагийн дуучин Бааска урилгаар ирэх гэнэ шүү.

Хоол идэхээс өөр юу хийх боломжтой вэ? Тайзтай, хөгжмийн дугаралт сайтай учир олон төрлийн эвент хийх боломж бий. Тайз заалны яг голд байрлана аль ч байрлалаас та арга хэмжээг анхааран үзэхэд саад болох зүйл үгүй, Хөгжмөө шинэчилж дуугаралт сайжирсан байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.

Шинэ жил ойртож байгаа учраас байгууллага хамт олны 100-150 хүний хүлээн авалтын захиалга өгөх боломжтой юм билээ.

Налгар зуны дулаан өдрүүдэд гадаа терассд суух боломжтой, оройн сэрүүн агаарт найз нөхдөөрөө буу халан тухтай суух шиг жаргал хаана байх билээ.   / Энэ зураг өвлийн зураг болно/

Зөөгчдийн харилцаа: Соёлтой найрсаг бөгөөд сонголт хийхэд сайн зөвлөгөө өгч байсан, Харилцаа сайтай, найрсаг үйлчилгээтэй байдал тун их таалагдсан шүү.

Магтах зүйл: Үйлчлүүлэгчиддээ зориулан шинээр дараах 4 төрлийн "Lunch set" гаргажээ. Та 8800 төгрөгөөр дараах 4 төрлийн хоолны сетээс үдийн цагаараа захиалан идэх боломжтой болжээ. "Ай даа ходоод баярлана"

Нэмж хэлэхэд махан цуглуулга, пицца гэх зэрэг хоолыг хүргэж өгөх түргэн шуурхай хүргэлтийн үйлчилгээтэй болсон байна.

Найз нөхдөөрөө цагийг өнгөрүүлэх, эсвэл хэн нэгэнтэй нууцхан яриа өрнүүлэхийг хүссэн хэн бүхэнд тохирсон газар.

Холбоос: Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах фэйсбүүк хуудсаар зочлоорой: Восток ресторан

THIS WEEK: Востокийг онцлов  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх