5. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ:С.ЭНХЖАРГАЛ "Өдөр бүр суралцдаг хүн өөртөө итгэлтэй байдаг"

2019/11/13

Dornod.today мэдээллийн сайтын “ӨНӨӨДРИЙН ӨНГӨ” буландаа салбар бүрт амжилттай ажиллаж яваа Дорнод нутгийн залуучуудаа танилцуулж байгаа билээ.  Энэ удаагийн зочноороо хүн бүрийг цахим орчинд хамтдаа суралцаж, хамдаа хөгжихийг уриалж буй тун бүтээлч нэгэн, Насан туршдаа суралцая /Life long learning/ группын админ, Дорнод Их сургуулийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан мэргэжилтэн докторант, Сүхбаатарын Энхжаргалыг урьж оролцууллаа.

Овог нэр: Сүхбаатарын Энхжаргал

Мэргэжил: Маркетинг, докторант

Эрхэлдэг ажил: ДИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан мэргэжилтэн

Сошиал хаяг:  Enkhjargal Lifelong learning/facebook/

  1. ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ, ӨДРИЙГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Сайн байцгаана уу? Би одоогоор нялх хүүхдээ хардаг учраас голдуу 8 өнгөрөөгөөд босдог. Хүн ер нь өөрийгөө хөгжүүлэх, өөртэйгээ ажиллах төлөвлөгөөг гаргадаггүй юм байна. Тиймээс хөгжих, суралцах үйлүүдээ төлөвлөдөг болоод жил гаруй болж байна.

Эхлээд Bullet journal буюу төлөвлөгч дэвтрийг өөрийнхөө хэмжээнд хийх гэж оролдсон. Одоо утасны календар дээр хийх зүйлсээ бичдэг. Жишээ нь Япон хэл сурах, англи хэл дээр юм унших, группдээ хичээл оруулах, фитнест явах, блог бичих, судалгаа хийх, ном унших гэх мэт. Гэтэл хүн хэт олон юм төлөвлөхөөр амжихгүй, тэрэндээ стрессддэг юм шиг санагдсан.

Иймээс хамгийн чухал 3 зүйлээ төлөвлөөд, 15 минут ч хамаагүй хийх гэж хичээдэг болсон. Ингэвэл зуршил болох байх. Хамгийн гол нь өөрийнхөө сул тал, хөгжүүлэх шаардлагатай чадваруудтай ажиллах их сонирхолтой юм байна.

  1. ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОГ, ӨНӨӨДӨР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ЮУ БАЙНА?

Их сургууль бол тухайн бүс нутгийнхаа тогтвортой хөгжлийг \судалгаа, мэдлэг, инноваци, чадвартай хүний нөөцөөр\ дэмжих үүрэг хүлээдэг. Миний ажил бол судалгаа хийх, багш, оюутнуудын судалгааны ажлыг дэмжих улмаар үр дүнг практикт нэвтрүүлэх боломжийг хайдаг байдаг тул үргэлж хөгжих онцлогтой.

Харин өнөөдөр фэйсбүүкийн “Насан туршдаа суралцъя” группдээ “Өөртэйгөө ажиллах нь” сэдэвт 3 дахь сургалтынхаа судалгаан дээр ажиллаж байна.

  1. АЖЛЫН ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА, УРАМ ЗОРИГ ЮУНААС АВДАГ ВЭ?

Эрч хүч, энерги маш чухал. Төлөвлөгөөг цагаар биш эрч хүчиндээ тохируулан гаргавал зүгээр санагддаг. Жишээ нь би өглөө маш эрч хүчтэй байдаг. Оройдоо дасгал хийсний дараа эрч хүчтэй болдог. Тиймээс фитнессд тогтмол явахыг боддог. Цэвэр агаарт алхах үед шинэ санаа голдуу төрдөг. Ер нь алхах дуртай.  Хүмүүсээс л урам зориг авдаг юм шиг байна. Жишээ нь өөрийгөө байнга хөгжүүлж, хуваалцдаг, идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүсээс урам авдаг.

Саяхан би нэг онлайн сургалтад суусан. Энергийн менежмент буюу хүн бүтээмжтэй байхын тулд эрч хүчээ удирдах тухай сэдэв нь их таалагдсан. Тухайлбал, нойр, дасгал хөдөлгөөн, зөв хоол болон эерэг орчин хүнийг эрч хүчтэй байхад нөлөөлдөг бөгөөд эдгээрийг зөв удирдаж чадвал тогтмол бүтээмжтэй байх боломжтой гэсэн байсан. Энэ үнэн санагддаг.

  1. ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?

Саяхан өөрөөсөө ингэж асуусан юм байна. Тэгээд “Суралцах чадвар” юм болов уу гэж л бодсон. Ер нь ямар нэг шинэ зүйл сурч л байхгүй бол сэтгэлээр унах гээд байдаг. Мөн асуудлыг олж харан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, судлах, нэгтгэн дүгнэх байж магадгүй.

  1. СҮҮЛИЙН ҮЕД ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?

Одоогоор  фэйсбүүк дээр “Насан туршдаа суралцъя”  группын админ хийдэг. Өөртөө суралцах орчингоо бүрдүүлэхийг хүссэн хэрэг л дээ. Ер нь хүн бүр ахиц дэвшлийг хүсдэг шүү дээ.Тийм учраас хүн бүрт суралцах хэрэгцээ насан туршид нь бий гэж боддог. 21-р зууны хамгийн чухал чадвар бол “Суралцах чадвар” юм. Гэтэл суралцах гэдгийг заавал сургалтад сууж, сургуульд сурахаар төсөөлөөд байдаг. Сургалтад суух гэхээсээ “Суралцах чадвар”, “Суралцах дадал”-тай болох нь маш чухал. Тийм учраас хүн бүрт \ хаана ч, хэзээд, ямар ч нөхцөлд \ суралцах боломж байдаг гэдгийг ойлгуулж, мэдээлэл шэйрлэдэг, лайк дардаг биш мэдээллийг мэдлэг болгож, өөртэйгөө ажилладаг community үүсгэх зорилготой байгаа.

Группдээ зөвхөн өөрөө биш, өөртэйгээ яг тулж ажилладаг, тасралтгүй хөгждөг энгийн хүмүүсийг урьж оруулах сонирхолтой. Ер нь хэн ч сургалт орох боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь сургалт нь бэлэн мэдээлэл шэйрлэх биш боловсруулсан мэдлэг байх бөгөөд өөрөө түүнийгээ хэрэгжүүлж, туршлагаа хуваалцан, цаашлаад нэмж дэлгэрүүлж үзэх боломжтой сувгуудыг зааж байгаагаараа онцлог юм.

  1. ГАР УТАС ДЭЭР ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП ЮУ ВЭ?

Инстаграм их ашигладаг. Идэвхитэй амьдарч, суралцдаг, түүнийгээ хуваалцдаг хүмүүсийг дагаж, тэднээс урам зориг авдаг. Мөн фэйсбүүк, youtube ашиглана. Хэл сурдаг апп их байдаг юм байна. Жишээ нь TED апп англи хэл сурахад их хэрэгтэй бас сонирхолтой. Мөн coursera зэрэг онлайн сургалтын апп их ашигладаг.

  1. ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ?

В.Өлзийбаярын “Суралцагч байгууллага”  номыг уншиж дууссан, Фүмио сасаки “Би энгийн амьдралыг сонгосон” номыг уншаад дуусч байна. Мөн Marketing 4.0 цахим хэлбэрээр уншиж байгаа. Ер нь ном уншихаас гадна судалгааны өгүүлэл унших гэж хичээдэг. Soft skills –ийн талаар судалгааны өгүүллүүд татаж авчихаад байж байна. Зав чөлөөгөөрөө уншина даа.

  1. СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА?

Дуу ер нь нэг их сонсдоггүй. Hip hop дуунд  дуртай.   

5. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ:С.ЭНХЖАРГАЛ "Өдөр бүр суралцдаг хүн өөртөө итгэлтэй байдаг"  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх