4. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Г.ЧУЛУУН "Ажлын эрч хүч, урам зоригийг авдаг гол зүйл бол хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байх, нэг зорилгын төлөө сэтгэл нийлж ажиллаж байгаа хамт олон байдаг"

2019/11/11

Dornod.today мэдээллийн сайтын “ӨНӨӨДРИЙН ӨНГӨ” буланг уншигч та бүхэндээ өөр өөрийн ажиллаж буй салбартаа амжилттай яваа Дорнод нутгийн залуучуудаа танилцуулж байгаа билээ.  Энэ удаагийн зочноороо хүн бүрийн амьдралын салшгүй нэгэн хэсэг, бидний өдөр тутмын хэрэглээг хөнгөвчлөх, алба амины ажлаа амжуулахад хамгийн чухал тулгуур болсон банкны үйлчилгээ үзүүлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвийн менежер Г.Чулууныг та бүхэнтэйгээ уулзуулж байна.

Овог нэр: Ганхуяг Чулуун

Мэргэжил: Бизнесийн удирдлага

Эрхэлдэг ажил: Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвийн менежер

Сошиал хаяг: chuka uka

ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ, ӨДРИЙГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажлын өдрүүдэд 6:40-7:00 цагийн хооронд босч эхнэр хүүхдүүдээ ажил, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхэлдэг. Хийх ажлаа ихэвчлэн өмнөх орой нь төлөвлөсөн байдаг.

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОГ, ӨНӨӨДӨР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ЮУ БАЙНА?

Ер нь банкируудын ажлын онцлог зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулж явдаг. Ажлын шинэ 7 хоног эхэлж байгаа болохоор төлөвлөсөн ажлууд нэлээд их байгаа. Яг өнөөдрийн хувьд харилцагч нартай банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Мөн бичиг цаас цэгцлэх ажлууд байгаа.

АЖЛЫН ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА, УРАМ ЗОРИГ ЮУНААС АВДАГ ВЭ?

Ажлын эрч хүч, урам зоригийг авдаг гол зүйл бол хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байх, нэг зорилгын төлөө сэтгэл нийлж ажиллаж байгаа хамт олон минь байдаг. Аливаа ямар нэгэн ажлыг хийхийн тулд судалгаатай байх хэрэгтэй байдаг. Судалгаа хийх явцад шинэ санаанууд төрдөг. Заримдаа санаанд оромгүй байдлаар шинэ санаа орж ирдэг. Жишээ нь өглөөгүүр нойр хульжаад орондоо хэвтэж байх үе, гадаа салхилж зугаалаад тархи амрааж байх үед шинэ санаа гэнэт орж ирдэг.

ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?

Яг сайн хэлж мэдэхгүй байна зөндөө л байгаа байх. Гэхдээ ямар нэгэн төсөв тооцоолол хийхдээ арай сайн байж магадгүй. Сүүлийн нэг, хоёр жил хоол сайн хийж сурч байгаа, ийш тийшээ явахдаа шинэ хоол сурч гэрийнхэндээ хийж өгдөг.

СҮҮЛИЙН ҮЕД ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?

Оны эцэс болж байгаа болохоор Банкныхаа төсөв төлөвлөгөөг биелүүлэх тал дээр баг хамт олноороо төвлөрч ажиллаж байна.

ГАР УТАС ДЭЭР ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП ЮУ ВЭ?

TDB онлайн /ХХБ-ны интернет банк/, Facebook, LookTV ашиглаж байна даа.

ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ?

Би өөрөө хөлбөмбөгт их дуртай болохоор Английн Ливерпүүл клубын ахлагч Steven Gerrard-н “Миний намтар” номыг саяхан уншиж дууссан. Одоо Жон С.Максвэлл-н “Хүнээ зөв удирдах хөдлөшгүй 21 хууль” гэдэг ном эхлүүлсэн байгаа.

СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА?

Миний хувьд хүүхэд байхдаа сонсож байсан Камертон, Татар гэх мэт хамтлагуудын дуунуудыг сонсох дуртай. Сүүлийн үед гарсан гэвэл Pacrap– give me justice дуу таалагдаад машинд явахдаа сонсож байгаа.

 

4. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Г.ЧУЛУУН "Ажлын эрч хүч, урам зоригийг авдаг гол зүйл бол хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байх, нэг зорилгын төлөө сэтгэл нийлж ажиллаж байгаа хамт олон байдаг"  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх