1.ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: "С.Сарантулга "Өглөө босоод өөрийн эрхгүй л ажлаа бодсоор сэрдэг"

2019/11/01

Dornod.today мэдээллийн сайт уншигчид та бүхэндээ шинээр “Өнөөдрийн өнгө” хэмээх 8 асуулттай буланг тогтмол хүргэхээр ажиллаж эхэллээ. Анхны дугаарын зочноор хүмүүст хүнд хэцүү цаг үед нь туслан баяр баясгаланг бэлэглэдэг Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны орлогч дарга С.Сарантулга оролцлоо.

Овог нэр: Сүхбаатарын Сарантулга

Мэргэжил: 2005 онд МУБИС-ийг Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжлээр

2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер

2011 онд Малайз улсад Англи хэлний үндсэн курс

2014 онд Рояаль Олон улсын дээд сургуулийг Төрийн захиргааны удирдлагын магистр

Эрхэлдэг ажил: Дорнод аймгийн улаан загалмайн хорооны орлогч дарга

Сошиал хаяг: Sukhbaatar Sarantulga

ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ, ӨДРИЙГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажлын өдрүүдэд 06.00-06.30-д босдог. Манай хамт олон цөөхүүлээ ажилладаг болохоор байгаа цагтаа илүү ажил амжуулах, бүтээмжтэй ажиллахыг их хичээдэг. Тийм болохоор өглөө босоод өөрийн эрхгүй л ажлаа бодсоор сэрдэг. Ажил дээрээ ирээд өглөөдөө даргынхаа өрөөнд бөөнөөрөө заавал кофе ууж, өдрийнхөө ажлын талаар ярилцаж их хөнгөн эхлэдэг. Миний хувьд өглөө бүр өдрийн хийх ажлын жагсаалтаа дэвтэр дээрээ заавал тэмдэглэж, хийсэн ажлуудаа дараад явдаг. Дараа нь тэгээл албаны и-мэйлээ шалгаал, цааш ажлуудаа хийнэ дээ.

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОГ, ӨНӨӨДӨР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ЮУ БАЙНА?

Манай байгууллага хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хүмүүнлэгийн ажил гэхээр заавал тусламж өгдөг, авдаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд их байдаг. Бид хүмүүнлэгийн тусламжаас гадна гамшгаас хамгаалах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зэргээр орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажилладаг. Энэ хүрээнд ирэх долоо хоногоос Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад эрүүл мэндийн цаг дээр нь халдварт болон халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар олгох хичээл орохоор төлөвлөгөө гаргаж, бэлтгэлээ ханган ажиллаж байна.

АЖЛЫН ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА, УРАМ ЗОРИГ ЮУНААС АВДАГ ВЭ?

Сэтгэл зүй, хувь хүний хөгжлийн ном, нийтлэлүүд унших дуртай. Шинэ санаа, хэрэгжүүлэх боломжтой зүйл байвал тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглээд явдаг. Заримдаа ч олсон шинэ санаагаа хэрэгжүүлэх боломжгүй үе ч бас байнаа. Гэхдээ л уншиж, судалсан, сонссон зүйл, бодол санаагаа найзуудтай хуваалцаж, ярилцахаар их сайхан байдаг юм.

ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?

Унтах ккк. Ямарваа нэгэн зүйлийн тухай магадгүй өөрийнхөө тухай ч юм уу тэмдэглэл бичих дуртай.

СҮҮЛИЙН ҮЕД ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?

Түрүүн хэлсэн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад эрүүл мэндийн хичээл дээр нь хамтарч ажиллах тухай. Улирлын амралт эхлэхээр төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн бүх сургуулиудаар ажиллахаар зорьж байгаа.

ГАР УТАС ДЭЭР ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП ЮУ ВЭ?

Хамгийн их гэхээр фэйсбүүк л болох байх. Өдөр тутын мэдээлэл авах, хааяа амс хийхдээ хөнгөн хөгжилтэй мэдээлэл, гараг эрхэсийн тухай, цаг агаар гээд шаардлагатай мэдээллээ бас UB info.с их авдаг.

ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ?

Яг одоо С.Сосорын Зэрлэг цахирмаа романыг уншиж байна. Саяхан төрсөн өдрөөр минь хүү маань бэлэглэсэн, эх хүний нинжин сэтгэлийг харуулсан сонирхолтой ном байна.

СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА?

Би намуухан поп төрлийн дуу сонсох дуртай. Сүүлийн үед хэлээ сайжруулах зорилготой англи хэл дээр энэ төрлийн дуунууд сонсож байгаа. Жишээ нь: Me before you буюу Чамтай учрахаас өмнөх би киноны дуунуудыг ойрмогхон арай түлхүү сонсож байгаа.

1.ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: "С.Сарантулга "Өглөө босоод өөрийн эрхгүй л ажлаа бодсоор сэрдэг"  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх