Ишшш нутаг минь. Ийм ч байгаагүй сэн. Энэ хар даа, голын урсгалыг хүртэл өөрчилчихөж.
Энд тэндгүй ухаж төнхсөн нүх, овоолсон шороо, гол горхины голдирлыг өөрчилж, усан сан үүсгэсэн, ганц хоёрхон гэртэй бригад маягийн компаниуд. Хууль хэрэгжихийг хүлээх зуурт нутгийн иргэдийн хооронд өрнөж буй яриа, тааралдах дүр зургууд ийм. Уул уурхайг муу муухай, хамгийн болж бүтэшгүй аюул занал мэтээр харагдуулах сэдвүүд ч эндээс үүдэлтэй.
Уг нь том ч бай жижиг ч бай, хайгуул уу, ашиглалт уу ер хамаарахгүйгээр эрдэс баялгын салбарт төсөл хэрэгжүүлж буй хэн бугай ч байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөлөл үзүүлэх, нөхөн сэргээх, орчин тойрноо тогтмол хянаж, шинжлэх гэхчлэн хууль, журмаар заагдсан олон арван үүрэгтэй. Тэдний дагаж мөрдөх ёстой хуулиудаас жишээ татвал “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль” 2012 оноос, энэ хуулийг дагалдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам” 2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн байдаг. Дээрх хууль, журмыг нэг бүрчлэн тогтож уншвал хамгийн эхэнд дурдагдсан дүр зураг байж боломгүй мэт санагдаж магад.
ХУУЛЬ ЭСВЭЛ ГУУЛЬ
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж тухайн компани үйл ажиллагаа явуулах хугацаандаа байгаль орчныг хамгаалах чиглэлээр юу хийх ёстойг, түүнд шаардагдах хөрөнгө мөнгийг хүртэл нарийн тооцсон томоохон судалгааны ажил, баримт бичгийг хэлнэ. Энэ судалгаанаас үндэслэн тухайн компани байгаль орчныг хамгаалах чиглэлээр жил бүр ямар ажил хийх ёстойг байгаль орчны менежментийн төлөвлөгөөн дээр тусгадаг. Эдгээр чухал хууль, журам хэрэгжээд 5,7 жил болж байгаа ч биелэлээ олсон уу гэвэл үгүй ээ.
Хууль журамд нь асуудал байна уу, бодит байдалд нийцэхээргүй байж уу, эсвэл үүрэг хүлээгч талууд хариуцлагагүй байна уу, авилгал хээль хахууль байна уу. Бидний олж мэдээгүй олон арван шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ илэрхий хоёр асуудал байгааг хэлэхгүй байж чадахгүй нь.
1. Одоогийн байдлаар Дорнод аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй 17 компани байгаа ч 2019 оны батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн нь зургаахан. 2018 онд аймгийн Байгаль орчны газар “Шинь шинь”, “Мак”, “Эс жи эрдэс майнинг”, “Степ голд”, “Петрочайна Дачин тамсаг” компанийн 21 дүгээр талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулинд заасан хугацаанд хүлээн авч, дүгнээд, төв байгууллагадаа хүргүүлжээ. Тэгвэл бусад компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөө хаана байна аа. Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 9.3-д “..Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл байгаль хамгаалах тэр төлөвлөгөө нь төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл болдог байх нь.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, уурхайн шав тэмдгийн акт байхгүй. Улсын комисс хүлээж аваагүй "ЦЦ эрдэс майнинг" компани. Зөрчил арилгах хүртэл тус компанийн үйл ажиллагааг зогсоов.
Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн 8 дугаар сард Цагаан-Овоо, Баяндун суманд ажиллаж уул уурхайн 11 аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, хянах шалгах зөвлөн туслахыг хослуулаад иржээ. Энэ шалгалтаар 2 компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, нэг компанийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хугацаа нь дууссан байв. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй компаниудаас учир явдлыг асуувал “Бид хуулийн хугацаандаа батлуулахаар өгсөн. Яаман дээр батлагдаж байгаа. Яам баталчихсан, одоо уурхай руу авчирч байгаа, эсвэл мэддэг хүн нь алга, би мэдэхгүй” гэх зэрэг шалтгаан тоочох вий. Он гарсаар аль хэдийн 9 сар өнгөрч, намрын урь орчихлоо. Юу юугүй анхны цас бударч, өвөлтэй золгоно. Үр түүх, мод тарих гэхчлэн нөхөн сэргээх ажил хийхэд хангалттай цаг үлдээгүй энэ үед нөгөө төлөвлөгөө маань батлагдаагүй л. Уг нь журмандаа бол компани байгаль орчны чиглэлээр энэ онд хийсэн ажлынхаа тайланг дараа онд хийх ажлын төлөвлөгөөний хамтаар 11 дүгээр сарын 1-ний дотор үйл ажиллагаа явуулж буй аймаг, нийслэлийнхээ байгаль орчны газарт хүргүүлэх ёстой. Хүлээж авсан мэргэжилтнүүд төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь очиж хянаж шалгаж, дүгнээд 12 дугаар сарын 1-ний дотор төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу хүргүүлнэ. Харин яам үүнийг ажлын 21 хоногийн дотор багтааж, шийдвэрлэх үүрэг хүлээдэг. Тоймлоод бодоход л 2 дугаар сар гарахаас өмнө компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөө эцэслэн батлагдчихсан байх ёстой болж таарч байгаа биз. Бас энэ төлөвлөгөө нь батлагдсаны дараагаар үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа биз. Гэтэл яагаад, цаг тухайд нь баталдаггүй, батлуулдаггүй юм. Батлуулаагүй компаниудыг тас хийтэл нь хаачихаж болохгүй байна вэ?
Дорнод аймгийн Баяндун сум. Түргэн багийн нутаг. 2019 оны 8 сар
Энэ өдрүүдэд Дорнод аймагт “Зүүн бүсийн аймгуудын уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх сургалт, хэлэлцүүлэг” өрнөж байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянах батлах, тайлагнах журамд 2019 оны 9 дүгээр 15-нд өөрчлөлт оруулж шинэчлэн баталсан тухай илтгэлдээ дурдсан юм. Уг өөрчлөлт одоогийн байдлаар эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn сайт дээр шинэчлэгдээгүй байгаа ч хэд хэдэн зүйл заалт шинэчилсний нэг нь дээрх хугацааг богиносгожээ. Хүлээн авсан тайлангаа ажлын 21 хоногт багтаагаад шийдчихдэггүй гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа яамныхан маань хугацаагаа улам богиносгож ажлын 14 хоногийн дотор бүх компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаар болж, үүрэг хариуцлагаа өндөрсгөөд авч. Сонсоход таатай ч хэрэгжилт ямар байхыг таашгүй.
Эх орны дөрвөн зүг, наймайн зовхист үйл ажиллагаа явуулж буй олон зуун компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хоёр, гуравхан мэргэжилтний ширээн дээр өрөөстэй байдаг юм биш биз. Төрийн захиргааны төв байгууллага эрх биш хууль, журмын хэрэгжилтийг хангахын тулд хүн хүч, нөхцөл боломжоо зохицуулдаг гэдэгт итгэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ
2. Харин дараагийн асуудал бол байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хангалттай биелүүлээгүй компаниудыг өөгшүүлэх. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянах батлах, дүгнэх журмын 3.5-д “...хэсгүүдийн жигнэсэн дундаж хувь нь 80-аас дээш байвал батална” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, компани энэ онд байгаль орчныг хамгаалах чиглэлээр 10 ажил хийхээр төлөвлөсөн гэж үзвэл дор хаяж 8-ийг нь хангалттай хэмжээнд хийж байж батлуулах нь. Бас дараа оныхоо төлөвлөгөөг батлуулах эрхтэй болох нь. Гэтэл аймгийн байгаль орчны газар байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хангалтгүй гэж дүгнээд буцаагаад байхад яам төлөвлөгөөг нь батлаад л гаргачихна. Ийм тохиолдол Дорнод аймагт цөөнгүй удаа тохиолдож байсныг мэргэжилтнүүд хэлж байна.
Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газрын хэвлийн ашиглалт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Х.Батхуяг
Компани өөрөө орон нутгийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, хийсэн ажлаа хангалттай хэмжээнд дүгнүүлэхээр яам руу хандаж болно л доо. Орон нутагт ч, компанид ч, төв байгууллагад ч ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ байгаль орчноо хайрладаггүй компанийг хэрхэвч өөгшүүлж, толгойг нь илж, за яах вэ, дараа анхаараарай гэж болмооргүй санагдана. Энд хүүрнэж буй асуудлуудаар Дорнод аймгийн Засаг дарга удаа дараа холбогдох газарт санал хүсэлтээ илэрхийлж ирсэн юм билээ. Харин үүний хариуд ‘Бид алдаа дутагдлыг нь засуулахаар хүлээж байгаа’ гэсэн утгатай хариу өгдөг гэнэ.
ХЭРЭГЖИЛТИЙГ ХҮЛЭЭСЭЭР
Уул уурхайн салбар дахь байгаль орчны асуудал дээр өгүүлсэн шиг тэр даяараа дэндчихээд байгаа юм биш ээ. Менежментийн төлөвлөгөөгөө цаг тухайд нь батлуулж, хэрэгжүүлдэг компаниуд ч бас бий. Саарын хажуугаар сайн жишээ байлгүй л яахав. Дурьдвал, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төсөл хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтаа хийж буй “Степ голд” компани мод үржүүлэг бойжуулгын туршиц судалгааны талбай байгуулан тэндээ Цагаан-Овоо сумын хөрсөнд зохицох 8 зүйлийн ургамлыг хоёр янзын аргаар ургуулан туршиж байна. Харин Баяндун сумын Түргэн багийн нутаг Өвөлжөөтийн ордод үйл ажиллагаа явуулдаг “Дун-Эрдэнэ” компани биологийн нөхөн сэргээлтийн хүрээнд 10 га талбайд хоёр мянга гаруй чацарганы суулгац тариад таван жил болж байна лээ. Өдгөө сумын иргэд чөлөөтэй түүж, түүгээд ч барахааргүй болтолоо ургажээ. Тэр ч бүү хэл, энэ талбайг түшиглэн чацарганы цэвэр шүүс, өтгөрүүлсэн шүүс боловсруулах жижиг нөхөрлөлүүд байгуулж болмоор. Энэ мэт сайн жишээнүүд тоотой хэдхэн. Хэрэвзээ хууль бүрэн хэрэгждэг бол бүгд ийм баймаар. Хуулийн хэрэгжилт гуч дөч биш, ная ч биш зуун хувийн биелэлттэй байх учиртай.
Хуулийн хэрэгжилтийг нэхэн сануулахаар төрийн байгууллагууд бие бие рүүгээ чихдэг, байгаль орчин нь мэргэжлийн хяналтаа, орон нутаг нь төв байгууллагаа, төв байгууллага нь орон нутаг руугаа бурууг чихэж, муухайгаа нялж, дор бүрнээ цэмцийж суух дүр зураг даанч эмгэнэлтэй.
Зөрчсөн бол хаадаг, торгодог, хашраадаг, аль ч шатандаа хуулийн хэрэгжилтийг хангадаг тогтолцооны гажуудалгүй систем яг энд дутагдаж байна. Хууль хэрэгжихийг хүлээж цөхрөнгөө барсан нутгийн иргэд, үрчгэр бор уулс, тамираа тасдуулсан гол горхи, нутгаасаа дайжсан амьтад, байгаль дэлхийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ.
СЭТГҮҮЛЧ: Э.ОТГОНТУЯА
Хууль хэрэгжихийг хүлээх зуур | |
DornodToday.mn Facebook |