Хошууч генерал Дашбалбарын Базарсад

2019/05/08
Хошууч генерал Дашбалбарын Базарсад

Монгол төрийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан, НҮБ-ын зөвлөх эрхтэй Олон Улсын мэдээлэлжүүлэлтийн Академийн жинхэнэ гишүүн, доктор, профессор, академич, хошууч генерал Дашбалбарын Базарсад 1951 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрж, 1968 онд Чойбалсан хотын 1 дүгээр арван жилийн сургууль, 1973 онд ОХУ-ын Москва хотод Хилийн Цэргийн Командын Дээд Сургууль, 1984 онд Фрунзын нэрэмжит Цэргийн Академи, 1990 онд Жанжин Штабын Академи, 2002 онд Улаанбаатар хотод Хуулийн дээд сургуулийг тус тус төгсч, команд штаб, оператив тактик, стратегич, хуульч мэргэжил эзэмшжээ.
Тэрээр 1973-1977 онд Хилийн цэргийн 0132 дугаар ангийн штабд байлдааны бэлтгэл сургуулийн болон хилийн албаны офицер, штабын дарга, 1984-1986 онд Хилийн ба Дотоодын цэргийн штабын орлогч, I орлогч, II хэлтсийн дарга, оператив хэлтсийн дарга, 1990-1992 онд Батлан хамгаалахын сайдын зөвлөх, Цэргийн их сургуулийн захирал, 1996-2000 онд Хилийн цэргийн удирдах газрын дарга, Хилийн цэргийн Командлагч, 2004-2008 онд Онцгой байдал болон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын зөвлөх, 2008-2012 онд Дипломат албанд шилжиж ОХУ-ын Тува Улсад Ерөнхий консулаар ажиллаж байлаа.
Д.Базарсад нь 1992-1996, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон, Тусгай хяналтын дэд хорооны даргаар ажиллаж, Монгол улсад ардчилал, парламентат ёсыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллагыг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажилласан төрийн түшээ байсан юм. Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдон төр түшилцэж байхдаа Хилийн тухай хуулийг санаачлан, ажлын хэсгийн ахлагчаар ажиллан батлуулж хилчдийн ажиллаж амьдрах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд оюун ухаан, мэдлэг чадвараа зориулсан гавьяатан юм.
Д. Базарсад нь “Цэрэг улс төрийн байдал хурцадсан үед Монгол улсын хилийг хамгаалах нь” сэдвээр Цэргийн ухааны доктор цол хүртэж, хил хамгаалах урлагийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан, жинхэнэ мэргэшсэн хилчин байлаа.
Улс, эх орныхоо төлөө түүний гаргасан гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтангадас” одон, ойн медалиуд, “Хүндэт хилчин” болон яам, тусгай газруудын хүндэт цол тэмдгээр тус тус шагнасны дээр ОХУ-ын ойн медалиудаар шагнуулж байжээ.

Хошууч генерал Дашбалбарын Базарсад  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх